УИХ-ын сонгуулийн XI тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид уулзалтуудаа зогсоож, сурталчилгааны үндсэн ажлаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Тус дүүргийн Ардчилсан намаас гаргасан мэдэгдэлдээ “Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид, ухуулагчид, штабын ажилтан, иргэд сонгогчдын амь насыг хамгаалах үүднээс зөвхөн олон нийтийг хамарсан нэгдсмэн уулзалтуудыг зогсоож, цаашид сонгуулийн сурталчилгааны ажил бодлогын мэтгэлцээн хуулийн дагуу үргэлжлэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Мөн тус мэдэгдэлд МАН төр барьсан сүүлийн 8 жил шударга байдал үгүй болж, хулгай нүүрлэснийг онцолсон байна.
Энэ талаар сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудсанд “АН анхнаасаа л хотын хамгийн том дүүрэгт “хүсээгүй”хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Лу.Гантөмөр тэргүүтэй АН-ын дарга нар нь сонгуульд нэр дэвшигчдийг зарлах үед буюу 2024.05.21-ний шөнө Ц.Уянга, Н.Амаржин тэргүүтнийг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхэд л “Бид Сонгинохайрхан биш Хан-Уул дүүрэгт нэр дэвших ёстой байсан” гэж зарим нь мэдэгдэж байсан. Одоо сонгуулийн сурталчилгаа дундаа ороогүй байхад ийнхүү иргэдтэй хийх уулзалтаа зогсоолоо” хэмээн бичжээ.