Л.Мөнхбаясгалан: Хятад иргэд визгүй орж ирэх асуудлыг Засгийн газар нууж байна
УИХ-ын сонгуульд говийн бүсээс нэр дэвшиж буй “Цензургүй Л.Мөнхбаясгалан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын иргэдтэй уулзалт хийх үеэрээ нэгэн баримт дэлгэлээ. Тус баримтыг жил гаруй хугацаанд судалсны эцэст ийнхүү өчигдөр гартаа оруулж чадсанаар тус сумын иргэдэд танилцуулсан байна.
Л.Мөнхбаясгалан: Миний бие энэ мэдээллийн араас 2023 оны 10 сарын 17-ны өдрөөс хойш мөшгөсөн. Өчигдөр л “Цензургүй” багаараа дамжуулан өөрийнхөө гар дээр аваад байна. “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын хооронд өнгөрсөн жил хэлэлцээр болсон. Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн цаана ноцтой асуудал байна. Хоёр хуудас энэ материал дээр Засгийн газрыг төлөөлөөд БОАЖ-ын сайд гарын үсгээ зурчихсан байгаа. Энэ дотор БНХАУ-ын иргэдэд зорчих үнэмлэх олгох тухай бичсэн байна. Энэ үнэмлэхээр Монгол Улсын хилээр визгүй нэвтэрнэ. Нэрсийн жагсаалт гаргаад бүлэг бүлгээрээ орж ирэх гэж байна. Аль нэг талаас нь цуцлах санал тавиагүй бол автоматаар сунгагдаад л явна. Энэ маш ноцтой асуудал шүү. Хэрвээ энэ ноцтой байгаагүй бол Засгийн газар аль хэдий нь зарлах байсан. Гэвч тухайн цаг үед БНХАУ-тай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах боллоо гэдэг мэдээ л цацагдлаа” хэмээн ярьж байна.
Мөн тэрбээр “Хамгийн ноцтой асуудал нь Монголд орж ирэх тэр зорчих үнэмлэхийг хятадын тал өөрсдөө шийдэж иргэддээ олгох юм байна” хэмээлээ.