УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн Архангай аймгийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт Ихтамир сумаас эхэллээ. Үзэсгэлэнт Тамирын голын эрэг дээр орших Ихтамир сумын иргэд сүү цагаан идээний бэлтгэн нийлүүлэлтээр аймагтаа тэргүүлдэг.
Нэр дэвшигчид иргэдтэй уулзах үеэрээ өнгөрсөн 4 жилийн хугацаанд авлига, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа. Харин иргэдийн зүгээс дараах асуудлуудад илүүтэй анхаарал хандуулж байна. Тухайлбал:
Гурван аймгийг хамарсан бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаагаа тэд илэрхийлээд энэ хүрээнд бид хамтарч ямар үйлдвэрлэл явуулах нь илүү зохистой вэ гэдгийг сонирхож байна.
Хангай нутагт сүүлийн жилүүдэд газрын гарц муу байгаагаас хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэлтэй болсон. Тиймээс өвөлжөө, хаваржааны газартаа тэжээл тарих хүсэлтэй байна. Үүнийг УИХ-аас саяхан баталсан Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хууль, Малчны эрхзүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгасанд баяртай байна гэлээ.
Энэ удаагийн парламент Нээлттэй сонсгол зохион байгуулж, далд нууц байсан хулгай, луйврыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг хангаж өгсөнд талархалтай байна.Мөн иргэд бид цахим засаглал буюу “D-parliament” систем ашиглан 77 дахь гишүүний үүргээ гүйцэтгэх боломжтой болсон нь чухал дэвшил мөн. Цаашдаа энэ хэлбэрийг илүү өргөжүүлж, өөрсдийнхөө оролцоог хангах, бүсчилсэн хөгжлийг дэмжиж ажиллахад бид бэлэн байна.
МАН-аас нэр дэвшиж байгаа хүмүүс бидний санал бодлыг парламентад тууштай төлөөлж чадна гэж итгэж байгаагийн хувьд багаар нь дэмжих болно гэдгээ илэрхийллээ.