“Хүннү 2222” хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна.
Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.
Тэрбээр “Уг хорооллын хоёр талд ус тогтсон нөхцөл үүсээд буй. Иймд тус хорооллын СӨХ-той зөвшилцөн цаашид мэргэжлийн байгууллага болох ГУББГ-аар насосын ашиглалтыг хариуцуулахаар боллоо. Харин ашиглалтын зардлыг “Хүннү 2222” хорооллын СӨХ болон ойролцоох аж ахуйн нэгж байгууллагуудаас авна. Энд хуримтлагдсан усыг урагшаа Туул гол руу хаяхад усны түвшин зөрөөд байгаа тул насосоор заавал дамжих шаардлага үүсээд байгаа юм. Маргааш өглөө 06:00 цаг гэхэд тогтсон усыг соруулж дуусгахаар төлөвлөж байна” гэв.
Мөн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байхыг уриаллаа.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС