Төр, шашныг хослон баригч гэдэг шиг МАН-ын удирдлагууд нам, төрийг хослон барьж байна. Ялангуяа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Намынхаа дүрмийн дагуу тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон даруйдаа генсекийн ажлаа өгөх ёстой ч өгөөгүй. Төрийн ажлыг намынхаа ажлын хажуугаар хийх боломжтой гэж үзсэн хэрэг. Бас үүнийг нь буруутгаж хариуцлага нэхэн хэн ч байхгүй.
Учир нь, өөрсдөө энэ улсын хамгийн том дарга нар болсон. Гэхдээ тэд төр биш. Төр гэдэг бол хүн биш механизм, бүтэц. Гэтэл МАН-ынхан өөрсдийгөө төр гэж үзэх боллоо. Төрийн дээр зайдалж, төрийн нэрээр төсвийг үрж, төрийн албыг самарч байна. Гишүүд нь би гэсэн үзлээс ч давж би бол төр гэсэн байдалтай. МАН-д олон мундаг боловсролтой залуус орж байгаа ч тэд удалгүй би бол төр гэсэн байдалтай аархуу нэгэн болж байна. Дарангуйлал ингэж эхэлдэг. Иргэд аль хэдийнэ дарангуйлал тогтоосон хэмээн шүүмжилж ч байгаа.
МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчид сонгуулийн мэтгэлцээнд оролцохдоо, тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэд сонгогчидтой уулзахдаа “Манай намыг, намайг сонгоорой” хэмээн гуйж байгаа ч үг хэл, биеийн хэлэмж гээд олон зүйлээрээ “Би илүү шүү, би мундаг шүү, би бол төр шүү” гэсэн аархалыг үзүүлж явна. Уг нь тэд бусадтайгаа л адилхан нэр дэвшигч. Гэтэл одоо нам нь эрх барьж байгаа гэдэг утгаараа аархаж, бүгдийг эзэлж өмчлөх гэсэн сэтгэл зүйтэй байна.
Тэд бол төр биш. Зүгээр л төрд байгаа түр хүмүүс. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай. Гэвч тэд энэ байдлаа эрх ямба, амьдралаас тасарч эгэл бус хүн байх боломж гэж харах болжээ. Тиймээс энэхүү боломжоо үргэлжлүүлэхээр улайрч байна. Өөрсдийгөө хамгийн мундаг, бүхний дээд гэж бодож байгаа ч иргэд сонгохгүй бол тэд хэн ч биш.
Иргэдийн хүчээр индэрт зогсож байгаа хэрнээ өөрийнхөө хүчээр байгаа мэт авирлаж байна. Өөрийн хүчээр байлаа ч дээрэлхүү, аархуу байх муухай. Ийм хүмүүст монголчууд дургүй.
Нэр дэвшигчид уг нь ижил гараанаас гарах ёстой. Гэвч эрх баригч МАН төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө хоёроор туйлж байна. Хамгийн наад захын жишээ нь, нэр дэвшигчдээ танилцуулах видео бичлэгийнхээ зураг авалтыг Төрийн ордонд авсан байх жишээтэй. Танилцуулж буй тэр хүн нь УИХ-ын гишүүн ч биш. Товчхондоо, үйл ажиллагааг нь хуулиар зохицуулсан Монгол төрийн ордоныг МАН сонгуулийн сурталчилгаандаа хувийн студи шиг ашиглаж байна.
Мөн Монголын ямарч студид байхгүй тайз засч өдөр бүрийн нэвтрүүлгээ хүргэж байгаа нь бас л аархсан, баярхсан шинжтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр зассан тайзнаас үдэш бүр шударга ёс бус үзэл суртал, тархи угаалт нэвтрүүлсээр.
Бас болоогүй нэвтрүүлэг бүрийнхээ өмнө Төрийн дуулал эгшиглүүлж байгаа нь төрийг өмчилсний шинж гэлтэй. Уг нь төрийн дууллыг хүссэн газар бүрдээ эшиглүүлээд байдаггүй хуультай.
Гэвч өөрсдийгөө төр гэж итгэж, төрийн нэрээр туйлж буй МАН-д энэ нь түй ч хамаагүй бололтой. МАН хэмээх малгайд нэгдсэн төрд байгаа түр хүмүүс бүр үлдэхийг хүсэхдээ ингэж л төрийн хууль, хүндэтгэл хоёрыг уландаа гишгэж байна. Сонгуулийн сурталчилгааны үлдсэн хугацаанд тэднээс аархсан, баярхсан ямар үйлдэл гарахыг таашгүй нь. Гэвч монголчууд тэдний аархал, баярхал, дарангуйллыг таслан зогсоох ухаантай ард түмэн. Үүнийг МАН-ынхан ялагдаж байж л ухаарах бололтой.