Өөрийгөө ч олоогүй хийсчихсэн нөхдүүд бөөн бөөнөөрөө сонгуульд нэр дэвшжээ.
Олон дотор янз бүрийн л залуучууд нэр дэвшсэн харагдана. Мэддэг, олон түмэнд танигдсан залуус ч байна. Омтгойрсон, өөрийгөө ч олоогүй нөхөд, ховхлох гээд ховхорч өгдөггүй, хэрэг төвөгт холбогдсон ч шалгагддаггүй догширчихсон ноход ч байна.
Самандын Жавхлан бол өөрийгөө олсон хүн. Тэр бага залуу наснаас эцэг эхээс өнчирч олныхоо дунд л өөрийгөө бүтээсэн хүн. Өөрийгөө өөрөө л бүтээсэн.
Тэр улс төрд сайн ах нарын татаас, ямар нэг цахилгаан шатны дэмжлэгээр орж ирсэн, цүнх савыг нь барьж явж гарч ирсэн залуу биш ээ.
Парламентад анх орж ирэхдээ хотын хамгийн том дүүргээс бие дааж нэр дэвшээд ялалт байгуулж УИХ-ын гишүүн болж байв.
Бие даагч гишүүн ганцаараа парламентад ажиллах хэцүү. Боломжгүй гэж шууд хэлж болно. Гэхдээ гаднаас нь биш дотор нь орж мэдрэх хоёр өөр л дөө. Тэр туршлага хуримтлуулсан.
С.Жавхлан бол өөрийн үзэл санаатай хүн.
“Хамаг монгол 2” төсөл дээр нь хамтран ажиллахдаа бүр ч илүү мэдэрсэн юм.
Би түүнтэй хориод жилийн тэртээ хоёрдугаар эмнэлэгт хүн эргэж яваад тэнд таарч танилцаж билээ. Тэгэхэд ид нэр алдар нь түгэн алдаршиж байсан үе нь.
Хожим нэр дэвшиж байхад нь ярилцлагадаа урьж илэн далангүй ярилцаж байв.
Ахиад хожим “ Хамаг монгол 2” төсөл дээр нь бид олон цагаар ярилцаж, түүний шатан байгаа …дүрэлзэн байгаа ертөнцөөр нь аялж байв.
Тэр бол том үзэл санаа тээгч юм. Түүний бүтээдэг урлаг ч үзэл санаа болж хувирсан.
Худлаа хоосон юм цаасан дээр тухаглахаас хэтэрдэггүй улстөрчдийн дэргэд тэр буй биеэрээ өв соёл тээгч юм.
Энэ үйлсээрээ тэр Монголоосоо ч хальсан. Монгол туургатнууд дотор хүндлэгдсэн асар том нөлөөлөгч болсон.
Тэр бол бүх талаараа үзэгдэл юм.
Нэгэнт ард түмний бүх төлөөллийг оруулж ирэх гэж өөрчилсөн энэ парламентын шинэчлэлээр бүрэлдэх шинэ Их хуралд ТЭР яагаад байж болохгүй гэж????
Худлаа эх орны нэр барьж самрахаас өөрийг хийгээгүй тэмцэгч нэртэй хутгуурчид, ард иргэдийн боломжоос хумсалж хулгайлагчдын дэргэд түүнийг мөр нь цагаан хүн гэж бардам хэлнэ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
Сэтгүүлч Б.Ганчимэг