Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-II” төслийн хүрээнд “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сурталчлан таниулах сургагч багш бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтаар барилга байгууламжийн газар хөдлөлтийн үеийн тэсвэржилтийн үнэлгээ ба паспортжуулалтын ач холбогдол, барилгын норм ба дүрэм, зөвшөөрөл, хяналтын талаар мэдлэг ойлголт өгч, барилгын хийц, төрлөөс хамаарсан газар хөдлөлтийн хүчитгэлийн төрлүүдийг харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн болох макет, үзүүлэн самбар виртуал төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар онол, дадлага хосолсон мэдлэг олгосон юм.
Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ сургалтыг хэлсэн үгэндээ “Газар хөдлөлтийн хүчитгэлийн макет, үзүүлэн самбар, виртуал төхөөрөмж нь сургалтын төв, сургагч багш, мэргэжилтнүүдийн сургалтын гол хэрэглэгдэхүүн болж байна.
Тиймээс сургалтын агуулгыг хичээнгүйлэн суралцаж, үйл ажиллагаандаа өдөр тутам ашиглаж иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт өгөхийг хүсье” хэмээн онцоллоо.
Сургалтад НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд зэрэг 14 алба хаагч хамрагдан, сургагч багшийн гэрчилгээ гардан авлаа.
Эx Сурвалж: ОБЕГ