УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Уулзалтын үеэр нэр дэвшигч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзоригийг хэлсэн үгийг онцлон хүргэж байна.
“Манайхан саяхныг болтол гадаад паспортоо захиалах гэж, хуулийн этгээд байгуулах хэд хоног очерлодог, танил талаа хайдаг байлаа. Хотод амьдардаг оюутнууд гэхэд цагийн ажил хийе гэхээр бичиг баримтгүй, иргэний үнэмлэхээ захиалахын тулд заавал орон нутагтаа очдог гарсан хойно нь хүртэл өөрийн биеэр гарын үсгээ зурж авдаг байсан цаг саяхан. Энэ хүнд суртлыг ашиглаж мөнгө олдог сүлжээ хүртэл үүсчихсэн байсан.
Хүн төрөхөөс эхлээд ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэлх бүх мэдээлэл буюу төр өөрт мэдээллээ иргэдээсээ нэхээд байсан хэрэг.
Яг энэ асуудлыг шийдэхийн тулд Бүртгэлийн тухай багц хуулийг боловсруулж, батлуулсан. Итгэл үнэмшил минь иргэд бодит мэдээлэлтэй байх ёстой гэдэг дээр бат зогсож байв. Хувь хүн талаасаа зориг гаргаж хийсэн гэж боддог.
Энэ хуулийн боловсруулалтын шатанд “Чи бизнесийн нууцуудыг ил гаргалаа” гэж олон хүнд загнуулж байлаа.
Би “Маш олон бухимдуулсан, нийгмийг донсолгосон юм болно оо. Үүнийг ойлгож байгаа биз дээ” гэхэд тухайн үеийн Х.Нямбаатар сайд “Ойлгож байна аа. Ингэж байж бид зөв явна аа. Тэмцэх ёстой” гэсэн. Бүр батлагдсаны дараа нь ч хэрэгжүүлэхгүй гээд л.
Нэг л жишээ хэлье. Энэ хуулиар Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил гаргасан. Би өөрөө ил тод мэдээллийн зөвлөлийг ахалж, БШУЯ, АМГТГ, ИНЕГ зэрэг агентлагт зөвлөмж хүргүүлсэн. Тэр зөвлөмжийг үндэслэж байж бүх мэдээллийг ил тавьсан.
Үнэн дандаа гоё сайхан байдаггүй хойно.
Үүний дараа уул уурхайн лицензүүдийг хэн эзэмшдэг нь, зам барилгыг улсын комисст хүлээлгэн өгч байгаа мэдээллүүд гээд маш олон мэдээлэл ил болсон.
Нийгэмд шуугиан дэгдэж зарим нэг эрх мэдэлтэн “Чи юу хийчхэв ээ” гээд заамдаж ч байлаа.Нөгөө талд иргэд маш ихээр бухимдсан. Гэхдээ асуудлыг системээр нь харж, алдааг нь засаж байж л бид урагшилна. Газар олголтын тухай бүх мэдээлэл, тусгай зөвшөөрлүүд ил тод боллоо. Лицензүүд ил тод боллоо. Зам, барилгыг улсын комисст хүлээлгэн өгч байгаа мэдээллүүд ил тод болж байна. Гэхдээ үүнийг эргээд системтэйгээр ашиглаж чадах тийм хүмүүс гарч ирэх хэрэгтэй байнаБид иргэдийг хяналт тавих үйл ажиллагаанд оролцооч ээ, идэвхтэй байгаач ээ гээд уриалаад байдаг боловч тэрийг мотивацижуулах зүйл хэрэгтэй. Иргэд бодит мэдээлэлтэй байвал өөрсдөө аяндаа оролцоно шүү дээ.