АН-аас нэр дэвшигч Ц.Жадамбаа цэргийн ангиудад “тойрон уулзалт” хийлээ
УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас наймдугаар тойрогт /Баянзүрх дүүрэг/ нэр дэвшигч Ц.Жадамбаа “Надад итгэ” чиглэлийн уулзалтаа өнөөдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас эхлүүллээ. 1965 онд байгуулагдсан, манай улсын анхны мэргэжлийн цэргийн анги болох Тусгай томилолтын батальоны ангийн хамт олонтой ийнхүү уулзаж, өөрийн мөрийн хөтөлбөр, зорилго чиглэл, үзэл санаагаа танилцуулав.
Хагас зууны түүхэнд Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг гурван удаа, “Тэргүүний анги”-аар 17 удаа шалгарсан тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн болон хамтарсан сургуулилалтуудад амжилттай үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэд улс эх орны бүтээн байгуулалт, ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт дайчлагдахын сацуу НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагааны хүрээнд Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг оронд 1000 гаруй офицер, ахлагчаа илгээгээд буй юм байна.
Ц.Жадамбаа дэвшигч үргэлжлүүлэн, Барилга, инженерийн цэргийн удирдах газар, геодези зураг зүйн 284 дүгээр анги, Агаарын цэргийн 065 дугаар ангийнхантай мөн “тойрон уулзалт”-аа хийв. Цэргийн ангиудаар хийсэн энэхүү уулзалтуудын үеэр мэдээж тэдэнд тулгамдаж буй асуудал, дайчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааных нь талаар санал солилцож, гарц, шийдэл хайснаараа онцлог байсан юм.