О.Батнайрамдал: Өрсөлдөөн бол миний амьдрал
Отгоншарын Батнайрамдал. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй түүнээс таван асуултад хариулт авлаа.
-Та багадаа хэр дэггүй хүүхэд байсан бэ?
-Манай аав, ээж Ховд аймгийн Булган сумын харьяат, торгууд хүмүүс бий. Би багадаа их хөдөлгөөнтэй, аав минь жараахай шиг жирвэгэнээд л алга болчихдог гэдэг байж билээ. Дандаа л гүйж явдаг хүүхэд байсан.
-Ажил, амьдрал тань болсон хобби бий юу?
-Хобби гэвэл бараг сүүлийн долоон жил ном уншдаг хоббитой болсон. 2017 оны зургаадугаар сараас хоёр найзтайгаа хамтран дэлхийн шилдэг бүтээлүүдийг уншиж, подкастаар дамжуулан залуучуудад хуваалцдаг. Долоон жилийн хугацаанд дэлхий шилдэг 164 бүтээлийг уншсан байна. Хобби гэхээс илүүтэй миний амьдралын хэв маяг болжээ. Үүнийг би зөвхөн О.Батнайрамдалын төлөө хийдэггүй. Үүний ард дэлхийн 60 гаруй орноор тархан суурьшиж буй монголчууд, 21 аймагт амьдарч буй олон олон залуус манай “Unlock” подкастыг сонсож, хамтдаа суралцаж, хамтдаа ном дээрх мэдээллийг мэдлэг болгож, өөрийгөө хөгжүүлсээр байна.
-Хамгийн их уналтад орж байсан үеэ дурсаач?
-Ховд аймгийн хоёрдугаар арван жилд наймдугаар ангиа төгсөөд, Хөвсгөл аймагт болсон улсын математикийн олимпиадад аймгаа төлөөлж оролцсон юм. Тухайн үед медаль аваагүй ч Монгол Туркийн хамтарсан сургуульд элсэх урилга өвөртлөөд харилаа. Энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн анхны алтан тасалбар. Ийн намар нь Улаанбаатарт ирж, гурван жил сурлаа. Тэгээд дэлхийн нэгдсэн коллежийн хуваарь авч, Итали явахаар боллоо. Бөөн баяр болсон хүн онгоцны тасалбараа захиалчхав. Паспортоо дэрлэж унтаад л… Гэтэл нэг өглөө бүх юм хоёр харагдаад, босохоор л толгой эргээд, бөөлжөөд байв. Аав маань эмч хүн болохоор намайг яаралтай эмчид үзүүллээ. Ховдын эмнэлэгт үзүүлэхэд тухайн үед тархины хавдар гэж оношлов. Манай гэрийнхэн сандарч, аав намайг аваад Улаанбаатарт ирлээ. Тэгээд таньж, мэддэг бүх эмч нар дээрээ орлоо. Ийм жаахан хүүхэд яагаад тархины хавдар тусчихдаг билээ гэцгээгээд л… Тэр үед би өвчин зовлон гэхээс илүү гадаад явах боломжоо алдчих вий гэхээс л хамгийн их айж байлаа. Ийн Итали явах боломжоо алдсан минь хэцүү байв. Эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд олон жил мөрөөдөж байсан мөрөөдөл минь надаас хамаарахгүйгээр бүтэхгүй болсныг хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү бэрх. Одоо бодоход тэр хүнд хэцүү зүйл намайг илүү сэтгэлийн хаттай болоход, илүү хичээхэд, илүү том хүсэл мөрөөдөлтэй болох гол суурь нь болсон бололтой. Хүсэл мөрөөдөл гэдэг ямар агуу юм бэ, ямар хүчтэй юм бэ гэдгийг тэр үед л ойлгосон доо. Наснаас хамаарахгүй ямар их сэтгэлийн хат, тэнхээ бидний дотор нуугдаж байдгийг ч ойлгосон.
-Тэгэхээр та хүсэл мөрөөдлөө амьд байлгаж чадсан учраас Ховдоос Харвард хүртэл явж чаджээ дээ…
-Боломж олдоход, тэр дундаа боловсролын боломж олдоход заавал хичээх ёстой шүү. Бүх зүйл миний нөр их хөдөлмөр, өөрийн хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг амьдралынхаа туулсан түүхээр ойлгож байлаа. Манай аав, ээж хоёулаа хөдөө амьдардаг сэхээтэн хүмүүс. Хурааж, хуримтлуулсан бүхнээ хэдэн хүүхдийнхээ боловсролын төлөө зориулж байсан. Түүнийг нь харж, мэдэрч байгаагийнх цаг хугацаа бүхнээ үнэ цэнтэйгээр өнгөрөөж, боловсрол эзэмших ёстой юм шүү гэж өөртөө хатуу сануулдаг байсан.
АНУ-д эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, тухайн үед сургуулийнхаа хамгийн шилдэг оюутан болсон. Шилдэг оюутнуудыг Нью-Йоркийн хамгийн том банк ажилд авдаг байлаа. Миний хувьд тэнд ажилд орж чадалгүй, эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах болов. Гэсэн ч өнөөх мөрөөдөл минь хэзээ ч унтарсангүй. Сэтгэлийн гүнд лаа болж гэрэлтсээр… Тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд Харвард шиг дэлхийн хэмжээний сургуульд заавал орох шаардлага үүслээ. Тэгээд л би гэдэг хүн ажлынхаа хажуугаар бэлдэж эхэллээ. Үнэнийг хэлэхэд би бараг таван жил бэлдсэн. Шинэ ажилд орохдоо хүртэл энэ ажил надад Харвардад тэнцэхэд шаардлагатай ур чадвар, туршлага, мэдлэгийг өгөх үү гэж өөрөөсөө асуугаад л… Хувь хүнийхээ хувьд дандаа өсөх ёстой гэсэн зарчимтай. Хоёр жил шалгалтдаа уйгагүй бэлдэж, дэлхийн топ дөрвөн сургуульд өргөдлөө өгөв. Гурваас нь нааштай хариу авсан. Тэр дундаас Харвардын их сургууль надад хамгийн боломжийн санал тавьсан юм. Харвардад хоёр жил бизнесийн удирдлагын магистраар сурч, ажиллахыг тэгтэл хүсэж, тэмүүлсэн банкандаа орж чадлаа. “Bank of America” гээд, Америкийн гэлтгүй дэлхийн хамгийн том гурван банкны нэг. Тэр банканд ажилд орно гэдэг Харвардын шалгалтад бэлдэх, суралцахаас 10 дахин хүнд байсан. Дэлхийн шилдэг сургууль төгссөн аав, ээжийн хүүхдүүдтэй дахиад өрсөлдөж, тэнцэх амаргүй даваа байсан. Бодсоноос илүү том даваа байсан. Гэхдээ би чадсан. Нью-Йоркийн салбар, Австралийн Сидней хотын салбарт нь нийт гурван жил ажиллаад эх орондоо ирсэн дээ.
-Одоо харин та улс төрийн өрсөлдөөн дунд явна…
-Өрсөлдөөн бол миний амьдрал. Монгол Турк сургуулийн тэтгэлэг хожиход, дараагийн Норвегийн тэтгэлэг авахад, тэндээс Америкт Макалестер коллеж, Харвард гээд бусад орны шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөж, тэр боломжийг авч байсан. Тэгэхээр өрсөлдөөн миний амьдралын хагасаас илүүг эзэлсэн байгаа биз. Амьдралд тохиолдсон боломжуудыг өрсөлдөөнөөс л олж авсан. Өнөөдөр ч гэсэн сонгууль гээд бас нэг өрсөлдөөнд ороод явж байна. Цаашдаа ч, ирээдүйд өрсөлдсөөр л байх болно.