Ц. Жадамбааг мэтгэлцээнд бусдаасаа илүү оролцож, бодлогын чанартай зүйлс ярьсан гэж дүгнэжээ
“TenGer TV”-ээр шууд дамжуулж буй “Мэтгэлцээн 2024”-ийн ес дэх дугаар /2024.06.18/-ын сэдэв нь “Дижитал шилжилт, мэдээллийн технологи” байлаа. Тус сэдвийн хүрээнд мэтгэлцэх оролцогчдын нэрсийг олон нийтэд зарласнаас хойш нийгмийн сүлжээнд багагүй дуулиан шуугиан тарив.
Энэ удаагийн таван үеийн турших мэтгэлцээнд УИХ-ын 2024 оны сонгуульд “Шинэ нэгдсэн эвсэл”-ээс есдүгээр тойрогт нэр дэвшигч А.Бархүү, “Бүгд найрамдах нам”-аас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Жаргалсайхан, МАН-аас 10 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Учрал, ХҮН-ээс 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Эрдэнэбат, АН-аас наймдугаар тойрогт нэр дэвшигч Ц.Жадамбаа, “Ард түмний элч” намаас дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Л.Гүндалай нар оролцсон нь үзэгч, сонгогчдын сонирхлыг хамгийн их татсан юм. Гэвч дэвшигчид ард түмнээс тийм ч өндөр үнэлгээ авч чадсангүй.
Мэтгэлцээний туршид оролцогчид олигтой шийдэл ярьсангүй. Тэр дундаа Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нар есөн жилийн дараа дахин мэтгэлцэж буй атлаа урьдын адил хэрэлдсээр байгаад эфирийн цагийг барав. Нэвтрүүлгийн дундуур бүр хоёулаа гарч, хэсэг эзгүй байсан нь үзэгчдийг гайхшируулсан. Өдий насны, дээрээс нь улс төрийн туршлага нь ч чамгүй “зузаан” тэд одоо болтол төлөвшөөгүй, ёс зүйгүй, мэтгэлцэх соёлгүй, бүдүүлэг хэвээр буй нь цаашид тэдэнд улс төрд орох орон зай, хийх ажил байхгүй юм байна гэсэн дүгнэлтийг ард түмэн өгөв. Тус телевизийн удирдлага энэ хоёр дэвшигчийг “мэдсээр” байж яагаад цахим шилжилт, хиймэл оюун ухааны талаар яриулсныг мэдэхгүй. Магадгүй эдгээр намд мэдээллийн технологи ярьчих хүн олдоогүй ч байж мэдэх юм.