Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Нойрмоглож залхав!
Монголын парламентад хүссэн ч, хүсээгүй ч залуу үе залуур барихаар ирж байна. Ах нар гэдэг айдас, ахмад үе гэдэг хүндлэлийг туулан энэ хоёр залуу өөр, өөрийн намын багийг ахлан, сонгуулийн 10 дугаар тойрог, Сүхбаатар, Чингэлтэйд өрсөлдөж буй юм. Хэн хэн нь харизмтай, хууль боловсруулах, судлах, хэрэгжүүлэх, батлуулах туршлагатай.
Бас хэн хэн нь энэ нийгмээс магтаал, шүүмж хоёрыг хангалттай сонссон, хоёулаа улс төрд баг болон ажиллах чадвартай.
Н.Учрал нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн өвлөгдөх байдал зэрэг эмзэг асуудлыг ардчилсан жишгээр шийдвэрлүүлэхээр түрүүчийн парламентаас эхлэн уйгагүй зүтгэсэн, бодлого боловсруулсан. Ч.Өнөрбаяр Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 20 гаруй хуульд өөрчлөлт оруулж, шинээр батлуулсан. Цахим хил хязгаараа хамгаалъя гэж дуугараад Н.Учрал сошиал дайралтанд өртөж байсан бол Ч.Өнөрбаяр элдэв хүний хаяг шошгоны золиосонд улс төр дэх карьераа зольсон. Тэд хоёулаа Монголд дээд боловсрол эзэмшиж, гуравдагч оронд номын дуу сонссон. Хоёулаа хууль эрх зүйгээр суралцсан. Улмаар Н.Учрал Их Британийн Лимкоквиний их сургуульд бизнесийн удирдлагаар, харин Ч.Өнөрбаяр Их Британи, Эдинбургийн их сургуульд хууль зүйгээр төгссөн.
Монгол зүгтэй, дэлхийн чигтэй гэсэн үг. Н.Учрал сүүлийн хоёр жил Цахим хөгжлийн яамыг удирдахдаа emongolia-г богино хугацаанд бодитой хөгжүүлсэн, тэндээс одоо бичиг баримт, эмийн жор, эмчийн онош, хүүхдийнхээ харьсан үгүйг ч мэдэх боломжтой болсон, 40 гаруй үйлчилгээ авна. Ч.Өнөрбаяр Шилэн дансны хууль, Нийтийн сонсголын хуулийг зөвлөх байхдаа зүтгүүлсээр батлуулсны хүчинд өнөөдрийн нүүрсний, эмийн гэх сонсголууд олон нийтэд хүрэх хуулийн гарц нь бий болсон…за энэ мэтээр яриад байвал тэд харизмтай, хаттай учраас ах нарын араас босч, ахмад үеийн агуйгаас цухуйсан.
Харин одоо юу гээч, Монголын парламентад зорилготой, зарчимтай залуус намын ангилал, намчирхлын ялгаагүйгээр сонгогдож, зүг чигтэй, зүрх сэтгэлтэй ардчилсан парламентыг бэхжүүлээсэй гэж хүсч байна. Тэд хэлэлцэг, зөрөлдөг, үзэл бодлоо таниулаг, үгээ хэлэг, үйлдлээ бэхжүүлэг…хүссэн ч хүсээгүй ч тэдний үе ирж байна, гал дөлтэй, гарц орцтой, салхи шуургатай, санаа оноотой парламентыг хүсч байна, нойрмоглож залхав!
Р.Эмүжин