А.Ундраа: Төр бизнес эрхлэгчдийнхээ ажлыг булааж авдаг, урдуур нь ордог байдлыг өөрчлөх цаг болсон
УИХ-ын ээлжит сонгуульд “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын хоёрдугаарт нэр дэвшигч А.Ундраатай ярилцлаа.
-Нийгэмд “Үндэсний Эвсэл”-ийг улс төрд шинэ салхи оруулах нь ээ, бодлого шийдэл нь ажил хэрэг болоосой гэж хүсэж байгаа олон хүн байна. Тус Эвслийн бодлого тодорхойлох түвшинд байгаа хүний хувьд та зорилго, зорилтынх нь тухай ярихгүй юү?
-“Үндэсний Эвсэл”-ийн дэвшүүлж байгаа зорилт нь “Үндэстнээрээ баяжъя” гэсэн уриандаа шингэсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн их байх тусам манай улсын эдийн засаг хүчтэй байна. Тиймээс ч эдийн засгийн чадамжийг сайжруулъя, хүн ардынхаа орлогыг нэмэгдүүлье, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг илүү хүчтэй болгохыг зорьж байгаа. Энэ санаагаа уриандаа ч, мөрийн хөтөлбөртөө ч тусгасан. Нэг үгээр, Солийн Данзан гуайн хэлсэнчлэн “Иргэн баян бол улс баян” гэсэн уриаг удирдлага болгож байгаа. Төрийн данхар бүтцийг хумих, төрийн зайлшгүй хийх үйлчилгээнээс бусад үйл ажиллагааг хувийн хэвшилд шилжүүлэх, төр бизнес эрхлэгчдийнхээ ажлыг булааж авдаг, урдуур нь ордог байдлыг өөрчлөх цаг болсон.
Мөн “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт хүний амьдралын бүхий л үе шатыг тусгасан. Нялх балчир хүүхдээс эхлээд бага насны хүүхэд, оюутан болон ажил эрхэлж байгаа, идэр насны залуус, өндөр настан гэх мэтээр үе шат бүрээр нь эдийн засаг, нийгэм, шударга ёсны талаас нь хэвтээ болон босоо шугамд хуваан авч үзэж байгаа. “Үндэсний Эвсэл”-ийн зорилтоо хэрхэн, яаж хэрэгжүүлэх гэж байна вэ гэдгийг мөрийн хөтөлбөрөөс маань харж болно. Бид мөрийн хөтөлбөрөө А-Я хүртэл Цагаан толгойн хэлбэрээр тайлбарласан байгааг Та бүхэн мөн цахим сувгуудаас олж үзээрэй.
-“Үндэсний Эвсэл” төрийн бүтэц данхар байна, намчдаас салах цаг болсон гэхчлэн өнөөгийн төр, засгийг ихээхэн шүүмжилж байгаа. Энэ тухайд?
-“Үндэсний Эвсэл” нь нэрэндээ ч, логондоо ч эвсэн нэгдэх гэдэг ойлголтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, логондоо монголчуудын уламжлалт оньсон тоглоом дээр үндэслэн эвлэлдэн нэгдэж, оюун ухаанаар удирдан залах гэдэг утгыг оруулсан. Оньсон тоглоомыг эвээр эвлүүлдэг, хүчилбэл эвдэрдэг. Энэ нь ч бидний зорилго, зорилттой нийцэж байгаа юм. Тиймдээ ч бид намын хатуу гишүүнчлэлтэй байхыг дэмждэггүй. Намын хатуу гишүүнчлэлтэй байснаараа намаас улс төр хэт хамааралтай байх нөхцөл бүрддэг. Мэдээж манай улс парламентын засаглалтай учир парламентад хэнийг дэвшүүлэх вэ гэдэг дээр улс төрийн намууд бодлогоор өрсөлдөх нь зүйтэй. Гэхдээ нам гишүүдээ намдаа хандив өгөх шахалт дарамт үзүүлэх, ялангуяа, төрийн өмчийн компаниуд дээр намын томилгоо хийгддэг, тэр нь эргээд намын санхүүжилтийн эх үүсвэр болдог энэ байдлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага бий. Энэ бол манай улсад авлигал, хээл хахууль цэцэглэх нэг үндэс болж байна. Авлигал хулгай байгаа учраас ард түмний амьдрал сайжрахгүй байна. Улс төрийн нам болон төрийн өмчит компанийн хамаарлыг тасалж, хязгаарлах шаардлага тулгарсан. Төрийн өмчийн компаниудад 44 их наядын буюу ДНБ-ийг хоёр нугалсан хэмжээний хулгай нүүрлэсэн байх юм. Тэгэхээр төрийн өмчит болсноор илүү сайн менежменттэй байна гэсэн баталгаа алга.
-Тэгвэл хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ?
-Төрийн өмчит компанийг олноор байгуулж, түүнийг нь намчид завшдаг байдлыг таслан зогсоох ёстой. Тэгж чадвал хувийн хэвшилд боломж нээгдэнэ. Хэн бизнес хийхийг хүсэж байна тэр хүнд боломж олгоно гэсэн үг. Нөгөөтээгүүр, бизнес эрхлэгчдэд тулгамддаг хүнд суртлыг арилгах, татварын таатай орчин бий болгох, урамшууллын системээр дэмжиж, бойжуулах юм. Жишээлбэл, банкнууд эмэгтэйчүүдэд олгох зээлийг шугамыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Учир нь эмэгтэйчүүд жижиг дунд бизнесийн салбарт түлхүү орж, илүү найдвартай зээлдэгч болж чадаж байна. Тиймээс эмэгтэйчүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ авч болно. Мэдээж үүнийг хүчээр хийх боломжгүй бодлогоор л хийнэ.
-“Үндэсний Эвсэл” дээрх зорилго зорилтуудаа хэрэгжүүлэх нэр дэвшигчдээ “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмынхаа хүрээнд сонгож, салбар бүрийн эрдэмтэн, докторуудыг багтаажээ. Нэр дэвшигчдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?
-“Үндэсний Эвсэл”-ийн хувьд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэр гаргах чадвартай, нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг нэр дэвшүүлсэн. Жишээ нь, төвийн бүсэд буюу хөдөө аж ахуйн бүс нутагт хөрс судлал, мал аж ахуй, хүлэмжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан олон эрдэмтэн баг болон нэр дэвшиж байгаа. Энэ бүс нутагт мал аж ахуй, газар тариалан зэрэгцэн орших шаардлага тулгардаг. Үүнийг дагаад нэлээд зөрчил гардаг. Энэ утгаараа хяналтын асуудлаар мэргэшсэн хүн ч нэр дэвшиж байгаа. Энэ бол нэр дэвшүүлэлт ямар зарчим баримталсны тод жишээ. Жагсаалтад нэр дэвшигчдээс эрдмийн зэрэг цол хамгаалсан хүн олон бий. Би УИХ-д байхдаа хуульд шинжлэх ухааны үндэстэй асуудалд хандахын чухлыг маш сайн мэдэрсэн. Тухайн үеийн парламентад эрдэм шинжилгээний ажлын туршлагатай хүн цөөн байсан. Дараагийн парламентад эрдмийн зэрэгтэй төдийгүй олон улсад бүтээлээ хэвлүүлсэн, олон улсын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, өөрийгөө баталж чадсан эрдэмтэн, судлаачид ороосой гэж хүсэж байна. Ингэж байж УИХ-аас гарсан хуулийн төслүүд үндэслэл тооцоотой, чамбай, мөн хэрэгжих боломжтой шийдвэр болж гарна. Сайн шийдвэрийн үр дүн сайн гардаг. Муу шийдвэр үр дүнгүй байна. Шийдвэрийн чанар гэдэг эцсийн үр дүн юм.
-Улстөрчид нэгнийгээ харлуулах гэж оролддог. Танай эвслийн тухайд бодлогоор өрсөлдье гэдгээ хэлж байгаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Ард түмэн чухал сонголтын өмнө ирсэн байна. Тархи угаасан, нэгнийгээ харлуулж, гутаасан мэдээлэл дээр тулгуурлаж хөгжих үү, эсвэл ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж, зөв шийдэл хайж, хамтдаа илүү хүчтэйгээр хөгжих үү. Сонголт нь тодорхой гэж бодож байна. Манай Эвслийн тухайд шийдэл ярьж байгаа. Шийдлээ таамгаар ярихгүй, үндэслэлтэй байлгах үүднээс мэргэжлийн хүмүүсээ дэвшүүлж, шийдэл ярьж байгаа. Бэлтгэж байгаа сөрөг контентууд тухайн үедээ хүний сониуч занг хөдөлгөж болох ч сониуч зан биднийг тэжээхгүй. Улс эх орныг авч явах гэдэг үндэслэлтэй бодлого, мэргэн ухаан юм. Түүнээс ойрын тоглолт хэнд ч ашиггүй. Ер нь сөрөг мэдээллийг түгээж байгаа хүн өөрөө нэгийг бодож, хоёрыг тунгаах биз. Өөрийн аж амьдрал сайжирч байна уу гэдэгт шударгаар хариулт хэлэх хэрэгтэй. Үүнд хариулт өгч байгаа хүн хэн байна түүнийг л дэмжих хэрэгтэй. Тэр утгаараа манай эвсэл бусад нам эвслээс нэр дэвшиж байгаа шилдэг нэр дэвшигчдэд орон зай үлдээх зарчим баримталсан.
-“Үндэсний Эвсэл” нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Боловсролын чиглэлд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгасан бэ?
-Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай хандах үүднээс боловсролын салбарын эрдэмтэдтэй нэлээд хугацаанд хамтарч ажилласан. Энэ хүрээнд эхний ээлжид хаана юу болохгүй байгааг тодорхойлохыг зорьсон. Түүний нэг индикатор нь “PISA”-ийн үнэлгээ. “PISA” сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнгээр манай улсын 15 настай хүүхдүүд Азийн бусад орны хүүхдүүдээс 2,5 жилээр хоцорч байна. Тэгвэл энэ хоцрогдлын зайг ойртуулж, илүү өрсөлдөх чадвартай болгох, дараа дараагийн хүүхдүүдийг хэрхэн хоцрогдолгүй сургах вэ гэх мэт асуудлууд тулгарч байна. Яг юун дээр хоцорч байна вэ гэхээр, тоо бодож чадаж байгаа ч локиг сэтгэлгээ сул байна гэсэн хариу гарсан. Ном уншиж байгаа ч уншсан зүйлээ ойлгох, ярих, шүүмжлэлтэй хандах, багаар ажиллах чадвар сул гарсан байгаа. Эндээс боловсролын салбарын зөөлөн ур чадварыг хөгжүүлэх чиглэлд анхаарах ёстой гэдэг нь харагдаж байна.
Иймд бид багшийг бэлтгэхдээ эдгээр асуудлыг тусгах, хөтөлбөрийн агуулга, чанарыг энэ чиглэл рүү өөрчлөх, нөгөө талдаа багшийг дэмжих, ажлын таатай нөхцөл үүсгэх, ачааллыг бууруулахаас эхэлнэ. Үүний сацуу зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх, дэлхий нийтийн чиг хандлагыг уламжлалт арга барилтай хослуулахаар тусгасан. Танхимын сургалтад оролцож байгаа багш, сурагчдыг дэмжихээс гадна шинээр зайны сургалтыг нэвтрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, багшийн хүртээмжтэй байдлыг дэмжихийн тулд онлайн болон танхимын сургалттай хослуулах арга замыг эрэлхийлсэн. Энэ шийдлийг боловсролын салбар төдийгүй төрийн удирдлагад нэвтрүүлэх боломжтой. Хиймэл оюун ухаан ашиглаж төрийн албан хаагчдын тоог цөөлж болох юм.
-“Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт дулааны алдагдал багатай ногоон барилгын стандарт нэвтрүүлэх замаар янданг цөөлж, дулааны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлнэ гэжээ. Үүний тодруулахгүй юу?
-Монгол Улс маань одоогоор ногоон барилгын стандарт, Ногоон барилгын үнэлгээний аргачлалгүй байна. Удахгүй ногоон барилгын аргачлалтай болж ямар шалгуур үзүүлэлтүүдээр, яаж үнэлэх вэ гэдэг нь тодорхой болно. Ногоон барилга гэдэг өргөн хүрээтэй цогц ойлголт. Тэр утгаараа эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, байгалийн баялгийн зохистой ашиглалт, хүрээлэн буй орчны нөлөөлөл, мөн дотоод агаарын чанар, дуу чимээний бохирдолгүй байх зэрэг асуудлуудыг тусгасан үнэлгээний аргачлал байдаг.
Ногоон барилга илүү олноороо баригдаж хэвшвэл тэр нь банк санхүүгийн байгууллагын ногоон барилгын зээлээр дамжих боломжтой. Ингэснээр иргэд илүү цэвэр, бат бөх, амьдрахад таатай барилгад амьдарна гэсэн үг. Ийм бодлогын санхүү болон стандарт нормын хамтарсан шийдэл нь Монголын суурин газрууд утаанаас ангижрах, хөрс болон бусад бохирдлоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчин амьдрахад илүү таатай болоход маш чухал хөшүүрэг. Энэ нь утааг арилгах шийдлийн гогцоог тайлж, түгжээг мултлах нэг гол арга юм.