УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Хангайн бүсэд Д.Ганболд, Э.Саранцэцэг, Б.Чинзориг нар нэр дэвшиж байна.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр болон тус эвслээс УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Хангайн бүсэд нэр дэвшигч Д.Ганболд, Э.Саранцэцэг, Б.Чинзориг нар Хөвсгөл, Орхон, Булган аймгийн иргэд, сонгогчидтой уулзав. Уулзалтын үеэр нэр дэвшигчид юу хэлснийг хүргэж байна.
“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Хангайн бүсэд нэр дэвшигч Д.Ганболд:
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд анзаарсан олон асуудал бий. Тэнд хууль батлагдахдаа ямар алдаа завхрал гардгийг харсан. Мөн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хийгдэх томоохон ажлууд ямар нэгэн бодлого төлөвлөлтгүй, хэн нэгэн сайдын өнгө үзэмжээр шийдэгддэгийг харсан хүний хувьд засаж залруулкя гэж шийдсэн. Энэ бүх асуудал манай Хөвсгөл, Булган, Орхон аймгуудын аль алинд нь тулгамдсан асуудал болоод буй. Энэ бүхнийг шийдвэрлэхийн энэ удаагийн сонгуульд “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшихээр болсон. Яагаад “Үндэсний Эвсэл”-ийг сонгосон бэ гэвэл, манайд эвсэлд хатуу гишүүнчлэл байхгүй. Намын талцал хуваагдлаас болж хэн нэгэнтэй талцаж хуваагдах зүйл байхгүй. Улс орны хөгжлийн төлөө явж чадах хамгийн сайн залуучуудтай бид хамтарч ажиллана.
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Хангайн бүсэд нэр дэвшигч Э.Саранцэцэг:
-Нэгдүгээрт, би улс төр судлаач гэдэг мэргэжлийн хүнийхээ хувьд мэргэжлийн улс төр хийхийг зорьсон. Хоёрдугаарт, Монгол Улсад хөгжих бүх боломж нь бий. Байгалийн эрдэс баялаг, өргөн уудам газар нутаг, ардчилал, олон намын тогтолцоо байгаа ч хөгжихгүй байна. Шалтгаан нь бидний дээр төр нэртэй нам байгаа юм. Нэг намын тогтолцоог өөрчлөх зорилготойгоор улс төрд орж байна.
“Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Хангайн бүсэд нэр дэвшигч Б.Чинзориг:
-УИХ гэдэг нийт ард түмний төлөөлөл байх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг иргэдэд үйлчлэх, амьдрах эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүрэг хүлээсэн хүн байх ёстой. Би төлөөллийн чиг үүргээ умартсан зарим нэг ухвар мөчид хүмүүсийн хийсэн төсөл хэрэгжүүлэх шатны алдаа, завхралыг засах, түүнд өөрийн байр суурь, санал бодлыг илэрхийлэхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн судлаачдын хийсэн иргэдийн амьдралд нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг өгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх олон сайн төслүүдийг гацааж байгаад энэ байдалд тээг тавья гэж “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн үндсэн уриа дор нэгдэж байна.