“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Оймон ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хөвсгөл аймгийн АН-ын дэд дарга Хайчаагийн Батсайхан оролцлоо.
Тэрээр БНСУ-д найман жил ажиллаж, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан “Оймон” гэх барилгын компанийг үүсгэн байгуулсан. Өдгөө жилд 500-600 хүний ажлын байр бий болгож, улсдаа тэрбумаас тэрбум 500 сая төгрөгийн татвар төлдөг үлгэр жишээ байгууллага болон өргөжжээ. Тууштай хөдөлмөрлөж, хариуцлагатай байж чадвал зорилгодоо хүрч болдгийн нэгэн жишээ болсон Х.Батсайханы ярилцлагыг хүлээн авна уу.
УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт \Булган, Орхон, Хөвсгөл\ АН-аас нэр дэвшигч Хайчаагийн сонгуулийн штабаас бэлтгэв.
Хайчаагийн Батсайхан 1975 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 1993 онд Хөвсгөл аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргээд, Улаанбаатар хотод иржээ. Ингээд 1997 онд ахуй амьдралээ дээшлүүлэх зорилготойгоор БНСУ-ыг зорьжээ. Анх 2-3 жил болоод ирэх төлөвлөгөөтэй байсан ч найман жилийг үджээ. Тэрээр “Солонгост ирж ажиллахдаа хамгийн эхлээд анзаарсан зүйл маань тэдний хөдөлмөрч байдал. Хөгжлийнх нь гол утга учир нь иргэдийнх нь хөдөлмөр гэдгийг харсан. Ингэж л хөдөлмөрлөхийн чухлыг, хөдөлмөрийг дээдлэх ёстойг ойлгосон. Монголчууд бид хөгжил ярихдаа эхлээд хөдөлмөр эрхлэлтийг ярих ёстой. Хөдөлмөрлөж чадвал хөгжил дэргэд байдаг аж.
Солонгост барилга дээр ажиллаж байхад өглөө гараа атгаж чадахгүй бүх шөрмөс нь татчихдаг байсан. Ганц би ч биш, манай найзууд бүгд л тэгдэг байсан. Аажуухан гараа атгаж уяраадаг. Тэгж л ажиллаж байж ажлынхаа үр шимийг үздэг байсан. Ядарч байна, шөрмөс татаж байна гээд хойш суугаад байвал Солонгос явсны зорилго маань биелэхгүй. Зорилгынхоо төлөө тэгж л зүтгэж байсан. Зорилгодоо ч хүрсэн” гэв.
Х.Батсайхан 2005 онд эх орондоо ирж, ургийн овгоороо нэрлэсэн Оймон ХХК-ийг үүсгэн байгуулж, одоо захирлаар нь ажиллаж байна. Тэр Солонгост байхдаа сурч, мэдсэн зүйлдээ тулгуурлан, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Оймон ХХК жилдээ 500-600 хүний ажлын байр бий болгож, улсдаа тэрбумаас тэрбум 500 сая төгрөгийн татвар хураамж төлдөг гэв.
Оймон ХХК-ийн үйл ажиллагаа маш хурдтай өргөжжээ. Тэрээр “Би маш олон залуу сургасан. Хоёр жил болоод би Солонгост байдаг бусад найзуудаа бүгдийг нь дуудсан. Эхлээд би та нарт Солонгост ажиллаж байгаа цалинг олгоё. Эх орондоо очиж, аав, ээж, ах дүү нартайгаа хамт амьдар. Цалингийн хувьд Солонгост ажиллаж байгаагаас чинь илүү боломж тэнд харагдаж байна гээд дөрвөн найзаа авч ирсэн. Хамт эхлүүлсэн найзууд минь одоо бүгд барилгын салбарт ажиллаж, амжилттай сайн яваа” гэсэн юм.
“Би эхнэртэйгээ Солонгост байхдаа танилцсан. 1997 онд танилцаад, 2000 онд нэг гэрт орж, 24 жил амьдарч байна. Дөрвөн сайхан хүүхдийн ээж, аав болж, босгосон амьдралаа улам хөгжүүлж, цэцэглүүлж явна. Манай том охин 19 настай. Канадад оюутан. Гурван жижиг нь дунд сургуулийн сурагч. Манай хүн бид хоёрт нэг адилхан чанар бий. Хоёулаа хөдөлмөрийг эрхэмлэдэг. Ямар нэгэн ажил хийхдээ дандаа сэтгэлээсээ хийх гэж оролддог. Ажлынхаа үр дүнг үзээд, түүнээсээ таашаал авдаг. Энэ талаараа адилхан учраас илүү татагдсан байх.
Миний амьдралдаа ч, ажилдаа ч баримталдаг зарчим бол хариуцлага. Хүн хариуцлагатай байх ёстой. Хувь хүн талаасаа ч, гэр бүлдээ ч, улс орондоо ч. Хариуцлагагүйн зуд монголд нүүрлэсэн учраас монголын нийгмийн амьдрал ийм хэмжээнд байна. Хэрвээ бид өөрсдөө хариуцлагатай байж, хийсэн ажилдаа хариуцлага хүлээдэг, амласан амлалтаа биелүүлдэг, цаг хугацаандаа ажлаа амжуулдаг байж, хүн бүхэн дор бүрнээ хариуцлагатай байвал улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд өөрчлөлт ирнэ гэж боддог.
2012, 2020 онд УИХ-д нэр дэвшиж байсан. Ардчилсан үзэл бодолтой хүн. 2020 онд бие дааж дэвшиж байсан. 2012 Үндэсний Ардчилсан намаас дэвшиж байсан. “Хэрвээ та улс төрөөр оролдохгүй бол, улс төр танаар оролдоно” гэж үг байдаг. Мөн улс төрөөс зайдуу яваад байвал өөрөөсөө дор хүнд удирдуулж шийтгэлээ амсдаг гэж. Өнөөдрийн төр барьж байгаа хүмүүсийг хараад байхад гол төлөв улс төрийн аппаратаар явчихсан, яг ахуй амьдралаас тасарчихсан, хол, хөндий хүмүүс төрд дийлэнхийг нь эзэлж байгаа учраас өнөөдөр монголын нийгэм ийм байдалд байна. Уг нь улс орны хөгжил ерөөсөө л хувь хүний хариуцлагад тогтдог. Төр засгаас хувь хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг хангаад, энэ улс орон иргэдийнхээ хүчээр хөгжих бололцоог л монголын төр хангаж өгөх ёстой. Иргэдээ ямар нэгэн байдлаар хааж, боож, бүх зүйлийг нь хорихоос илүүтэйгээр илүү чөлөөтэй, хийх зүйлийг нь дэмжсэн бодлого хэрэгтэй байна” гэлээ.