УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрогт “Үндэсний Эвсэл”-ээс Ц.Дагвадорж, Э.Содномжамц, Д.Одонтунгалаг, Р.Оюунбилэг нар нэр дэвшиж байна.
“Үндэсний Эвсэл”-ийн Тэргүүн Н.Номтойбаяр, УИХ-ын ээлжит сонгуулийн Хангайн бүс буюу 1-р тойрогт нэр дэвшигч Ц.Дагвадорж, Э.Содномжамц, Д.Одонтунгалаг, Р.Оюунбилэг нар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтын үеэр нэр дэвшигчдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе.
УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Ц.Дагвадорж
Би 2019 онд, өдөрт 15-25 тонн өөхөн тос боловсруулах чадалтай, олон улсын стандартад нийцсэн, экспортлох боломжтой өөхөн тосны үйлдвэрийг байгуулсан. Тухайн үед хүмүүс “чи хог дээр хаягдаж байгаа зүйлийг боловсруулж, үйлдвэрлээд дотоод зах зээлдээ нийлүүлж чадахгүй. Экспортыг бол мөрөөдөх ч хэрэггүй” гэж байсан. Зээл ч олдоггүй байлаа. Одоо манай үйлдвэр Хятадруу бүтээгдэхүүнээ экспортолж байна. Узбекистан руу гурван улс дамнаж, бүтээгдэхүүнээ амжилттай хүргэсэн. Казахстан, ОХУ, БНСУ-руу экспорт хийх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгч хүний хувьд “Үндэсний Эвсэл”-ээс “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” гэдэг үг нь таалагдсан. Монгол Улс хөгжихийн тулд, эзэнгүй хөдөөг эзэнтэй болгохын тулд малчдын малыг үнэд оруулах ёстой юм.
УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Э.Содномжамц:
–Ард иргэд сүүлийн жилүүдэд санхүүгийн боломжгүй, өрийн дарамттай, бага орлоготой, амьдарч байна. Өндөр настнуудын дийлэнх нь 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Төрийн доод, дунд шатны албан хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууд, цэцэрлэг, сургуулийн багш нар нэг сая хүрэхгүй төгрөгийн цалин авч байна. Энэ цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх, өр зээлийг багасгах чиглэлд “Үндэсний Эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр боловсруулагдсан. Би төрийн албанд хамгийн бага албан тушаалаас эхэлж, 26 жил ажилласан. Хамт олныхоо дэмжлэгээр ахиж дэвшсээр өнөөдөр энд зогсож байна. “Үндэсний Эвсэл” надад итгэл хүлээлгэж, үүрэг өгч та бүхний өмнө зогсоолоо.
УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Д.Одонтунгалаг:
-“Үндэсний Эвсэл” үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээн байгуулалт хийе, нам дагаж амьдардаг, намчирхдаг байдлыг таслан зогсооё гэсэн үндсэн зорилготойгоор мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Түүнийхээ төлөө ажиллах иргэний зоригтой нэр дэвшигчдийг дэвшүүлсэн. Нам харгалзахгүй дэмжиж байгаа нь “Үндэсний Эвсэл”-ийн нэг онцлог юм. Иргэн та баян байх ёстой. Энэ нөхцөлийг төр бүрдүүлэх ёстой. Гэтэл сүүлийн 30 жилийн хугацаанд та баян болж чадсан уу, гэвэл үгүй. Тэгвэл бид эх орондоо, орон нутагтаа сэтгэл хангалуун, баян амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Иргэдээ боловсролтой, орлоготой болгож жижиг дунд үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж чадах чин зоригтой хуульчид манай эвсэлд байгаа.
УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигч Р.Оюунбилэг:
-“Үндэсний Эвсэл”-ийг сонгосон шалтгаан нь “Үндэстнээрээ нэгдье” гэсэн зарчим юм. Бид намчирхал талцлыг хаях хэрэгтэй. Би НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн нэг болох Үйлдвэрлэл хөгжүүлэх хөтөлбөрт ажиллаж байсан. Энэ хугацаандаа олон мянган жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй ажилласан. Үндэсний үйлдвэрлэлийг илүү өндөр шатанд, олон улсын төвшинд үйлдвэрлэж чадаж гэмээнэ бид бүхэн хөгжинө.
Бидний үйлдвэрлэсэн цагаан идээг үр хүүхэд минь зам дагуу бариад зогсож байхад бусад орны бүтээгдэхүүн өндөр үнэтэйгээр дэлгүүрүүдийн лангуун дээр худалдаалагдаж байгаа. Бид үүнийг өөрчилж чадна. Үйлдвэрлэлээ хөгжүүлж, ард түмнээрээ баяжихын төлөө бид нэгдэх ёстой.