Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг 2023-2026 онуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ ОБЕГ-т боллоо.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсын ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикума, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон төслийн багийнхан оролцсон юм.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний шатанд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ, хүчитгэлийн норм дүрэм боловсруулах, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалт сурталчилгааны ажлууд хийгдэж, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмжийг нийлүүлсэн. Харин хоёрдугаар шатанд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын сургалтын төвүүдэд орчин үеийн дэвшилтэт технологи болох “Virtual reality” төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд орчин үеийн техник техологийг ашиглах боломж бүрдэж байна” гэсэн юм.
Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжөөр дамжуулан иргэд, сурагчид гэртээ, сургууль дээр, гадаа гэсэн гурван сэдвийн хүрээнд газар хөдлөлт болсон үед тулгарч болох эрсдэлийг бодитоор хиймэл орчинд мэдрэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой боллоо.
Эx Сурвалж: ОБЕГ