2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлснээс хойш өөрийн нэрээ сонгуулийн пи ардаа ашиглаж буй хоёр нэр дэвшигч нүдэнд тусав.
Сонгуулийн 2-р тойрог буюу баруун бүс болох Ховд, Увс, Завхан, Говь-Алтайд нэр дэвшиж буй З.Мэндсайхан “Мэнд сайхан маргаашийн төлөө” уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.
Тэрээр, Ховд аймгийн Мянгад суманд төрж өссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхэлж байгаад төрийн алба руу ажлын замналаа шилжүүлсэн ба анхны төрийн байгууллага нь Сангийн яам байв. Дараа нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Очсон газар бүрдээ ажлаа үнэнчээр сайн хийдэг байсныг нь үнэлэн түүнийг Төрийн өмчийн хорооны даргаар томилон ажиллуулж байгаад 2020 оны 7-р сард Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд болгожээ.
Сайдаар хоёр жил, зургаан сар ажилласны дараа Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа хүн юм.
Харин УИХ-ын сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт мэс заслын эмчээс эрүүл мэндийн сайд хүртлээ дэвшсэн, мөн л Ерөнхийлөгчийн зөвлөх Тогтмол овогтой Мөнхсайхан нэг өдрийн үйл явдлаа харуулдаг влогийнхоо үеэр “Тогтмол Мөнхсайхан”-аараа байя гэвэл ус ууж байгаарай хэмээн хошигносон нь түүний влогийн хандалтыг өсгөжээ.
Тэрээр “Эрүүл энх, Мөнх сайхан” амьдралын төлөө уриатайгаар сонгуульд өрсөлдөж байна.
Намтраас нь товч дурдвал Төрийн соёрхолт, анагаах ухааны доктор, клиникийн профессор юм.
1983 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Даргаар нь ажиллаж байсан улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгээ өөд нь татсан бодит ажлуудыг хийж, эрүүл мэндийн салбараа ч “эмчилж” буй гэдгээр нь хүмүүс андахгүй ээ.