Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгогчидтой уулзаж, Монгол Ардын Намаас нэр дэвшүүлсэн О.Батнайрамдал, Н.Учрал, М.Оюунчимэг, Н.Батсүмбэрэл, Д.Цогтбаатар, Г.Дашням нарыг багаар нь дэмжихийг уриалав.
Тэрбээр О.Батнайрамдалыг яагаад тус тойрогт нэр дэвшүүлж буйгаа ийнхүү тайлбарлалаа:
Шинэ үеийн шилдэг залуу удирдагчдын нэг бол манай Отгоншарын Батнайрамдал юм. О.Батнайрамдалыг нэр дэвшиж байгаад залуус баяртай байгаа гэж сонссон. Миний хувьд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах үүд хаалгыг дэлхийн шилдэг сургууль төгссөн, дэлхийн банк, олон улсын байгууллагуудад ажиллаж байгаа залууст нээж өгөхийг үргэлж мөрөөдсөөр ирсэн. Монгол улсын уураг тархи, эд, эс, эрхтэн бүхэн маш эрчтэй ажиллаж байж, улс маань хурдтай хөгжих учиртай. Тийм ч учраас хилийн чандад байгаа 20 гаруй залууст Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод, ирж ажиллах урилгыг илгээсэн юм. Энэ урилгыг хамгийн түрүүнд хүлээж авч, уул уурхайн хөрөнгө оруулалтын банкирын ажлаа орхиод эх орондоо ирсэн анхны лидер бол О.Батнайрамдал юм.
О.Батнайрамдал хүрч ирээд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хэрэгжүүлж буй бодлого болох Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн суурыг, ажлын хэсгийг нь ахалж бичилцсэн шилдэг сэхээтнүүдийн нэг юм.
Мөн манай О.Батнайрамдал “Энгийн иргэд дэлхийн том боловсролыг эзэмшиж чадна, зөвхөн дарга нарын хүүхэд сурдаг юм биш, тийм ч учраас Боловсролын зээлийн сан бол нээлттэй байх ёстой” гэсэн зарчмыг дэвшүүлж, бүх сангуудыг шилэн болгох ажлыг Н.Учралтай хамт зохион байгуулж чадсан шинэ үеийн шилдэг шүгэл үлээгчдийн нэг мөн юм. О.Батнайрамдалын эхлүүлсэн энэхүү шүглийн дуу, шилэн болсон энэ үйл явцын үр дүнд Боловсролын зээлийн сан нээлттэй болж, манай төрийн албан хаагчид зөвхөн англи хэлний шалгуур хангасан биш харин мэргэжилдээ хамгийн сайн байгаа төрийн албан хаагчдыг хэлний мэдлэгт сургаад, дараа дэлхийн өндөр хөгжилтэй орон руу явуулж бэлдэх хөтөлбөрийг дэвшүүлж, УИХ-аар батлуулж чадсан лидер юм.
Мөн УИХ-ын гишүүдтэй хамтарч МАН-ын Нарийн бичгийн даргын хувьд англи хэлийг Монгол Улсын хоёр дахь хэл болгох асуудлыг санаачлан мөрийн хөтөлбөрт оруулж чадсан шинэ үеийн хүчтэй лидерүүдийн нэг юм. О.Батнайрамдалын гаргасан жимээр Г.Лувсанжамц, Б.Солонгоо, Э.Болормаа гээд дэлхийд ажиллаж, амьдарч байгаа олон шилдэг залуусын эх орондоо ирж ажиллаж байна. Тэр утгаараа О.Батнайрамдал залуусын эх орондоо ирэх урмыг сэргээж чадсан анхны итгэлийн оч юм. О.Батнайрамдалыг сонгох та бүхний сонголт бол мянга, мянган залуусыг эх орондоо дуудах уухайн түрлэг, шинэ 30 жилийн эхлэл байх юм шүү.