ХЭН ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ БАЙГУУЛАХ ВЭ?
Монгол Улсын төр засагт уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдээ ядуурлаас гаргах бодлого, хийж хэрэгжүүлж байгаа ажил байна уу? Байгаа бол үүнд итгэх ард иргэд байна уу? Хэзээ хийх вэ? Байхгүй бол хэн хийх вэ гэсэн асуултад товчхон хариу өгөхийг хичээе.
“Монгол улсын гадаад өр 35 тэрбум $, Элон Маскын урамшуулал 56 тэрбум$” нэртэй нийтлэлээрээ Элон Маск Монголд байсан бол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал байсан бол монголчууд бидэнд ямар боломжийг олгох байсан бэ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зах зээлийн үнэлгээ хамгийн багадаа 850 тэрбум $ хүрэх байсан талаар товч дурдаж байсан билээ.
Тавантолгойн ордын нөөцийн хэмжээг 1.8 тэрбум тонноор нэмэгдлээ хэмээн 2023 онд “Эрдэс баялгийн зөвлөл”-өөс зарласнаар тус ордын нийт нөөц 8.1 тэрбум тонн болсон. Гэтэл Монгол улс Хятадын түүхий нүүрсний хэрэглээг хангах төдийхөн бодлого баримтлан хилийн боомтод ачиж буулгах хүчин чадлаа нэмэгдүүлэн жилд экспортлох хэмжээгээ 70 сая тоннд хүргэнэ гэнэ. Экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ч зах зээлийн үнэ буурч, Хятад улс тонн тутамд 5-6 $ татвар ногдуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр хэмжээгээр ашиг буурч байна гэсэн үг.
Ийм тохиолдолд төр засаг нь бодлогоо эргэн харж, эрч хүчтэй хурдтай шийдвэрээ гаргах шаардлагатай. Нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог Тавантолгойн ордоо түшиглээд полимер-химийн үйлдвэр байгуулж чадвал нүүрсээ боловсруулаад шатахуун, барилгын материалын түүхий эдүүд, хуванцар, мяндас, хулдаас, цавуу гээд 10 мянга гаруй төрлийн түүхий эд гарган авах боломжтой. Эдгээр түүхий эдээс хамгийн наад зах нь айл өрхүүд гутлын цавуу, мяндсан олс гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой. Өрх айл болгон полимер-химийн үйлдвэр байгуулах санхүүгийн боломж байхгүй учир төр засаг нь бодлого, стандарт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л ААН-үүд нь хамгийн сүүлийн үеийн технологи, хүчин чадал бүхий дунд оврын үйлдвэрийг оруулаад ирэх боломжтой болно. Манайхаас түүхий нүүрсээ аваад боловсруулдаг ийм үйлдвэр хил дагаад ӨМӨЗО-д олон ажиллаж байна. Бидэнд юу дутлаа гэж, яагаад бусдаас дутуу ажиллаж, амьдрах ёстой юм бэ? Яагаад нийт иргэдийн 87.5 хувь нь олон улсын стандартаар тооцоолоход ядуу ангилалд амьдарч байгаа юм бэ?
Нэг хүн ядуу бол тухайн хүний буруу байж болно, харин нийтээрээ ядуу бол заавал төр засгийн буруу байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 850 тэрбум ам.долларын орд дарж хэвтчихээд, нэмүү өртөг шингээн ААН-үүдээ дэмжих бодлого яагаад хэрэгжүүлж чадахгүй байна вэ, энэ төр засаг?. Байгалийн баялаг, нөөцөд нь түшиглээд хөрөнгө оруулалт, мөнгө босгож болдог гэдгийг Рио-тинто харуулж байна. Тэд хоосон ирчихээд Монголын баялаг Оюутолгойн ордыг гадаадын 14 банканд барьцаалаад хөрөнгө босгон, баялгийг ухаад хэдэн тэрбумаар нь ашиг олоод биднээр доог тохуу хийгээд сууж байна .
ААН-үүдээ төрийн бодлого, татвар, зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөөд дэмжээд өгвөл полимер-химийн үйлдвэрээс гарах 10 мянга гаруй түхий эдэд түшиглэсэн жижг, дунд үйлдвэрлэл өөрөө хөгжинө, үйлдвэрлэл хөгжөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулснаар ажлын байрны хэрэгцээ нэмэгдэнэ, ажилчдын цалин өснө. Ажилчдын цалин нэмэгдсэнээр хэрэглээ өсөж, бараа бүтээгдэхүүний худалдан авалт өснө, худалдан авалт өссөнөөр ААН-ийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж санхүүгийн боломж нэмэгдэх алтан зарчмыг одоогийн төр засагт ойлгуулна гэдэг “илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэгч болоод байна.
Тавантолгойн ордыг түшиглэсэн Үндэстэн дамнасан корпораци байгуулъя гэдэг ШИНЭ нам, “ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ”-ийн санал санаачилгыг зөвхөн өөрсдийн эрх мэдэл, баруун зүүн, өгөө аваагаа бодсон эрх баригч нар ойлгохыг хүсэхгүй нь сүүлийн 4 жил хийсэн бидний тэмцэл, шаардлагад өгч байгаа эс үйлдлээс тодорхой болсон.
Иймд Үндэстэн дамнасан корпораци байгуулж, иргэдээ байгалийн баялгийн жинхэнэ эзэн болгож, байгалийн баялгийн өгөөжийг хүртдэг болгох, ард иргэдээ ядуурлаас гаргах ажлаа хийх үүрэг бидэнд л үлдэж байна. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бид зогсолтгүй ажиллаж, тэмцэх болно.
Шинэ нэгдсэн эвслийн дарга Ц.Гантулга