Хүн эх орноосоо холдоод явахаар яагаад ч юм эх орноо, сайхан Монгол орноо улам ихээр үгүйлэн санадаг. Хүний байгаа газар орон хичнээн сайхан соёлтой, гоё байлаа гээд эх орноос минь өөр үнэ цэнтэй нутаг үгүй билээ. Иймдээ ч бид хилийн чанадад байхдаа эх орноо харин эх орондоо ирэхээр төрж өссөн нутаг усаа санаж үгүйлдэг.
Эх орныхоо үнэ цэн, тусгаар тогтнолын нандин чухлыг өөрийнхөө биеэр мэдэрсэн дөрвөн өөр чиглэлийн салбарт ажиллаж хөдөлмөрлөж, мэргэшиж яваа бүсгүйг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урин ярилцлаа. Түүнийг Цэндийн Мөнхцацрал гэдэг. Одоо БНСУ дахь Ан Мин хууль зүй, өмгөөллийн Ахлах зөвлөхөр ажилладаг.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Цэндийн Мөнхцацрал гэдэг. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Нутаг орондоо өсөж хүмүүжээд багаасаа цэцэрлэг сургууль гээд бусдын л адилаар хүүхэд насаа өнгөрүүлсөн. 1992 онд Дорнодын 1 дүгээр 10 жилийг төгссөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж гадаад хэлний чиглэлээр, тэр дотроо Хятад хэлний чиглэлээр суралцаад багш, орчуулагч мэргэжлээр төгссөн.
-Багын дурсамжаасаа хуваалцана уу?
-Манай аавыг Цэнд гэдэг хүн байсан. Аав минь ахилгааны инженер мэргэжилтэй. Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцад цахилгааны инженерээр олон жил ажилласан хүн. Миний ээжийг Нямгүнсэл гэдэг. Насаараа боловсролын салбарт 40 орчим жил ажилласан монгол хэл уран зохиолын багш байдаг. Аав, ээж хоёр минь төрийн албанд тууштай олон жил зүтгэж хөдөлмөрлөсөн хүмүүс.
-Та ажлын гараагаа ямар салбараас хэрхэн эхлүүлж байв?
-1996 онд МУИС-ийг төгсөөд ажлын гараагаа эхэлсэн. Төгсөх курст суралцаж байх үед манай багш санал болгоод гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орох уу? Ингээд ажлын гараагаа энэ компаниас эхлүүлж хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд маш том түлхэц болж өгсөн. Дараа нь төрж өссөн нутгаа зорьсон. Дорнод аймгийн Чойбалсан хотод Хилийн төлөөлөгчийн газар гэж байдаг. Энэ байгууллагад хятад хэлний орчуулагчаар ажилд орсон. Тэнд ажиллах хугацаандаа хил зөрчиж байгаа гадаад хүмүүстэй, тэр дундаа хятадын Солонгос үндэстнүүдэд орчуулга хийж ажилладаг байлаа. 3 жилийн хугацаанд хилийн заставууд, хилийн газруудаар ажил үүрэг гүйцэтгэсэн. Их ч зүйл сурч мэдэж авсан даа.
-Хэзээнээс БНСУ-тай албан ажлаар холбогдов?
-Би Солонгос улсад 7 жил хөдөлмөрийн болон хууль зүйн салбарт ажилласан. Энэ хугацаанд Солонгос улсад байгаа Монголчуудын эрх ямар их зөрчигдөж байна, ямар хүнд хэцүү асуудлууд гарч байна? Яг салбарт нь ажилласан хүний хувьд Солонгост байгаа гадаад иргэд, Монгол иргэдийнхээ дуу холоой болж ажилласаар ирсэн. Тэдний хувьд маш хүнд асуудлууд тулгардаг. Хүний эрх маш их зөрчигддөг. Тухайн асуудлуудыг БНСУ-д байгаа төрийн алба ч юмуу, Элчин сайдын яам ч юмуу шууд шийдвэрлэнэ гэхээр хууль эрхзүйн орчин бүрдээгүй байдаг. Тэгэхээр яахын аргагүй эдгээр асуудлууд дээр хууль эрхзүйн орчинг нь маш сайн бүрдүүлж өгөх шаардлагатай байна.
-Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн ам суурьшиж амьдардаг дүүрэг. Хөгжих нөөц боломж нь бий гэж олон хүмүүс хардаг. Хөгжлийн гарц гаргалгаа юун дээр гацаад байна вэ?
-Миний хувьд Баянзүрх дүүрэгтээ 13 жил амьдарч байна. Ер нь Баянзүрх дүүрэг хүн амын хамгийн их төвлөрсөн газар. Гэр хороолол нь 60 хувь, орон сууц нь 40 хувь байдаг. Хөгжих нөөц боломж бүрэн бий. Хамгийн гол нь хөгжүүлэх сэтгэл дутаад байна. Сүүлийн 20 жилд яалт ч үгүй хөгжил нь зогссон харагдаад байгаа. Иймээс оршин суудаг дүүргийнхээ хөгжлийн төлөө, тэнд амьдран суугаа иргэдийнхээ дуу хоолой болон эрх барих түвшинд, бодлогын түвшинд гар бие оролцон ажиллахаар эрс шийдчихээд энд зогсож байна.
Ярилцсанд баярлалаа.