НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцсон юм.
Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд бүтцэд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх аж.
Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг publicinvestment.gov.mn системд холбосон.
Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургалтад хамруулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Уг төслийн хүрээнд нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлснээр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн систем болон чадавх бэхжин, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар аргачлал сайжирч, орон нутгийн хөрөнгийн удирдлагын систем боловсронгуй болно” гэлээ.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС