СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэв
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх тухай асуудлыг хэлэлцлээ. Анх Сонгуулийн ерөнхий хороо түүнийг УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус эвслээс нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарынх нь хамт бүртгэхээс татгалзсан юм.
Цагдаагийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн “Авлига албан, тушаалын гэмт хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн” гэх тодорхойлолтын дагуу Н.Номтойбаярыг бүртгэхээс татгалзсан бол П.Баярхүү, Д.Ганболд нарыг МАН-аас илүүлсэн “Манай намын гишүүн хэвээрээ байгаа” гэх утгатай албан бичгийн дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Товчхондоо, эрх баригчид удирдлагыг нь томилсон төрийн эрх бүхий байгууллагуудаар дамжуулан “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг “шадар цэрэг”-үүдийнх нь хамт өрсөлдөөнөөс гаргахыг санаархсан нь энэ.
Харин нэр дэвших эрхээ хязгаарлуулсан тэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хууль зөрчөөгүй гэдгээ батлуулсан юм. Шүүх тэднийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол нь хууль бус байна гэж үзсэн. Ингэхдээ “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлээгүй гэдгийг баталсан бол П.Баярхүү, Д.Ганболд нарыг Улс төрийн намын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасны дагуу хуулийн хугацаанд МАН-ын гишүүнчлэлээс гарсан гэдгийг баталлаа. Үнэн үргэлж, бас хэзээд ялдаг гэж энэ бололтой. Улмаар шүүхээс тэднийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасан. Өнгөрсөн хугацаанд хуулийн дагуу ийм л процесс өрнөв.
Шүүхийн шийдвэр нэгэнт гарч аргагүй байдалд орсон Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэлээ. Харин УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарын тухайд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шүүхийн шийдвэр нь Сонгуулийн ерөнхий хороонд албажиж ирээгүй байгаа юм байна. Шүүхийн шийдвэр нь ирсэн даруйд Сонгуулийн ерөнхий хороо шуурхай хуралдаж нэр дэвшигчээр бүртгэнэ гэдгийг тус хорооны дарга П.Дэлгэрнаран хэллээ.
Ийнхүү эрх баригчдын өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн богино зайны улс төр нь бүтэлгүйтлээ. Хууль, шүүхийн байгууллага ч эрх баригчдын илтэд хууль зөрчсөн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж шударга ёсныхоо талд зогсов.
Иргэд, сонгогчид нийгэмд шударга ёс тогтоохыг улс төрийн нам, эвслээс шаардаж, шударга өрсөлдсөн нам, эвслийг дэмжихээ илэрхийлж байгаа. Тиймээс үнэнд гүйцэгдсэн эрх баригчдын дээрх үйлдэл өөрсдийгөө муухай харагдуулж, дэмжигчдээ тодорхой хувиар алдахад хүргэлээ. Харин нөгөө талд иргэд, сонгогчид “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя” уриатай “Үндэсний эвсэл”-ийг итгэл дүүрэн дэмжихээр болж байна. Учир нь, жагсаалтаа тэргүүлж буй эвслийн тэргүүн нь ийнхүү албан ёсоор нэр дэвших эрхээ өвөртөллөө.