Пүрэвжавын Сайнзориг: “Агро сити” бол аюулгүй хүнсээр иргэдээ хангах чухал шийдэл юм
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч П.Сайнзориг, Н.Алтаншагай, Ч.Номин, Э.Батшугар, Н.Хүрэлбаатар нар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалантын иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Хуучин Партизаны САА нэрээр бидэнд танил болсон энэ газар хотоос 70 орчим км зайд оршдог. 60 гаруй мянган малтай, малчин тариаланч нар төвлөрч суурьшсан тус хороог хөгжүүлэх бодлогын талаар тус тойрогт нэр дэвшигч Пүрэвжавын Сайнзориг ийнхүү ярьж байна.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийнн шинэчилсэн найруулга дараа жилээс хэрэгжиж эхэлнэ. Энэ дагуу СХД-ийн 21 дүгээр хороог “Агро сити” эдийн засгийн тусгай бүс болгож, бүсчилсэн хөгжлийн хүрээнд бие даан хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан.
Цаашид энэ хороонд хүлэмж, хөнгөн аж үйлдвэр, эдийн засгийн тусгай бүс байгуулж, татварын болон татварын бус бодлогоор дэмжих бодлого баримталж байна.
Нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээг хангаж, сам хорхой зэрэг далайн гаралтай амьтад үржүүлдэг фермерийг хөгжүүлэх, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлого, төлөвлөлт хийсэн. Үр дүнд нь 20 гаруй мянга гаруй ажлын байр бий болох юм. Яагаад гэвэл бид жилд 400 гаруй тэрбум төгрөгийн нарийн ногоог гаднаас худалдан авахад зарцуулж байна шүү дээ. Энэ их мөнгийг дотооддоо шингээхэд “Агро сити” чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүхний ард монгол хүний хүнсний аюулгүй байдал дээшилнэ” гэлээ.