ИЗНН “ЗОРИГТОЙ БАЙ” уриатайгаар сонгуульд оролцож байна
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна. Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгохоор болсон юм. Тойргоос сонгогдох 78 гишүүний 54-ыг нь орон нутгаас 24-ийг нь нийслэл Улаанбаатар хотоос сонгоно.
Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслүүүд тойрогт болон жагсаалтад нэр дэвшигчдээ танилцуулж 17 хоногийн турш үргэлжлэх сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцож буй тохиолдол болж байна. Эдгээр нам, эвслийн нэг нь ардчиллын алтан хараацай С.Зориг агсны үзэл санааг тээгч Иргэний Зориг Ногоон нам. Иргэний Зориг Ногоон нам энэ сонгуульд “Зоригтой бай” уриатайгаар оролцож байна.
Энэ сонгуульд ИЗНН-ыг тус намын дарга, УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар манлайлан оролцож байгаа юм.
ИЗНН-аас нэр дэвшигчдийн тухайд философич, олон нийтийн сэхээтэн доктор С.Молор-Эрдэнэ, инфлүүзер М.Нарантуяа-Нара, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хүний эрхийн тэмцэгч доктор С.Шаарийбуу, эдийн засагч, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Т.Бат-Эрдэнэ, малчдын төлөөлөл болж “Монголын малчдын холбоо”-ны тэргүүн Э.Пүрэвсүрэн, төрийн шагналт, зураач Ц.Энхжин, “Шарк Танк” хөрөнгө оруулалтын нэвтрүүлгийн ялагч, “Тэгш булан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батбилэг, эдийн засагч, бизнесийн удирдлагаар мэргэшсэн С.Замира, “Баялагтаа эзэн” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа нарын 70 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ.