Спортоор хичээллэхэд нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үгийн утгыг мөн чанартаа шалгадаг. Хичнээн авьяас, өгөгдөлтэй байгаад хөдөлмөрлөхгүй бол тухайн тамирчин амжилт болоод ялалтанд хүрч чадахгүй. Иймээс ч олон жил, сар, өдрийн уйгагүй бэлтгэл сургуулилт нөр их хөдөлмөрийн үр дүнд спортын амжилт эзэндээ ирдэг билээ. Шавийнхаа амжилт, ялалтанд хүрэх зөв зааварлагч, чиглүүлэгч байж чадах эсэх нь зөвхөн дасгалжуулагч багшаас зуун хувь хамаардаг. Спортод сайн тамирчин байх уу, бахдам амжилтын эзэн байх уу гэдгийн ард багш, шавийн хамтын хөдөлмөр чухал нөлөө үзүүлдэг.
Спортын салбарт олон арван шилдэг шавь нарыг бэлтгэн төрүүлэх үйлсэд сэтгэл харамгүй зүтгэж яваа Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төвийн менежер Ш.Бямбатогтохыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урин ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Би Хэнтий аймгийн Дархан сумын харьяат. Аймгийн арслан Шаравдоржийн Бямбатогтох байна. Би эцэг, эхээсээ 10-уулаа. Айлын гурав дахь хүүхэд. Бага наснаасаа эхлээд л спортоор хичээллэж байгаад өдий хүртэл энэ спортын байгууллагадаа ажиллаж байна. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр Одонтуяа волейболын спортын Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин бүсгүй байгаа.
Одоо би үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвийн менежерээр ажилладаг. Үүнээс өмнө спортын төв ордонд албаны дарга, спортын биеийн тамирын сургууль, клубт дасгалжуулагч багшаар ажиллаж байсан. Мөн албан ажлынхаа зэрэгцээ фитнесс болон пауэрлифтинг, үндэсний бөхийн шавь нартаа өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ заагаад байна даа.
-Танай гэр бүлд гурван аймгийн арслан бий гэж сонссон. Гэр бүлээрээ спортлог хүмүүс байхнээ?
-Ах дүү арван хүүхдийн зургаан хүүгээс бараг бүгд барилддаг. Миний том ах Цагдаагийн цолтой хүн. Аав маань аймгийн арслан хүн байсан. Аавыгаа харж өсөн учраас би спортын салбарт ажиллаж эхэлсэн дээ. Намайг дагаад дүү нар маань спортоор хичээллэдэг. Манай аав, би, дүү маань гээд гэр бүлд гурван аймгийн арслан бий.
-Спортоор хичээллэхийн ач холбогдол их ээ. Хамгийн гол нь хүн өөрийнхөө бие бялдрыг хөгжүүлэхдээ яг зөв төрлөө олж сонгон хичээллэх ёстой байх?
-Хүн бие бялдраа зөв тэгш хөгжүүлэх, хүмүүжил төлөвшлийн хувьд ч спорт эерэг ач тустай. Хамгийн гол нь хүн өөрт тохирсон спортын төрлийг сонгох чухал. Би спортоос авч хэрэгжүүлж өөртөө хүч авах, бие бялдраа хөгжүүлэх, ажиллах чадвараа сайжруулах зэргийг үндэслэн хүчний гурван төрөлтийн спортыг сонгон авч өөрөө онцлон хичээллэж байгаа. Энэ төрлөөр ах дүү нараараа хамтран хичээллэж байна. Бидний дундаас пауэрлифтингээр дэлхийн аварга гурав, цомын дөрөв, Азийн хошой гээд цолтнууд төрөн гарсан.
-Гэр бүлийн хүн тань спортын тамирчин уу?
-Манай эхнэр 1998, 1999 оны волейболын лигийн “Ноён” багт тоглож Дээд лигийн аварга болж байсан. 2000 онд мөнгөн медаль авч байсан. Одоо өөрөө банкны салбарт санхүүгийн мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байгаа. Спортын гэр бүл уламжлагдаад явдаг юм билээ. Би чинь өөрөө спортын гэр бүл болохоор спортын бүсгүйтэй ханилаад сууснаас хойш гурван охин, нэг хүүтэй болсон. Хүүхдүүдээ бид хоёр заавал чи спортоор хичээллэх ёстой, ингэх ёстой гэхээсээ илүү нөгөө хүүхдүүд маань биднээс зөв үлгэр дуурайлал авдаг.
-Хэзээнээс спортын салбарт багш дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бэ?
-Би сургуулиа төгсчихөөд, дараа нь 2000 онд аймагт түрүүлээд Аймгийн арслан болноосоо хойш багш дасгалжуулагчийн ажлыг хийж байна. Анхлан Сүмо бөхийн холбооны ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Тухайн үед сүмо бөхөөр манай Монголчууд ид оргил үе нь байсан. Тэр үед анхны сүмо бөхийн “Авзага” клубыг байгуулсан даа.Тэнд 300, 400-гаад хүүхдийг би өөрөө шалгаж авч байлаа. Хамгийн гол нь ямар нэгэн спортын төрлөөр хичээллэж байгаа хүүхэд бүгд тамирчин болох албагүй ч өв тэгш хүмүүжилтэй, бие бялдрын хөгжил сайтай болон төлөвшдөг.
-Спортоор хүссэн хүн бүхэн тууштай хичээллэх боломжгүй байдаг. Тэсвэр тэвчээр, зориг хатуужлыг өндөр хэмжээнд шаарддаг?
-Спортод амжилт үзүүлэх хамгийн гол шалгуур бол зориг зүрх. Бие бялдраасаа илүү зориг зүрхтэй байж тэр хэдэн зуун килограммыг өргөх, тэнд сууж босох, түүний төлөө өөрийгөө зориулж хичээллэдэг. Бие бялдрыг хөгжүүлэхэд бэлтгэл сургуулилтын үр дүн чухал. Зөв дасгал хөдөлгөөнөөр тууштай хичээллэж биеийг урлана гэсэн үг юмуу даа.
Спортын салбар бол улс оронтой салшгүй холбоотой. Ийм учраас хүүхэд залуучуудыг, ард иргэдийг Эрүүл монгол хүн болгон бүтээхийн төлөө бид бүхэн ажиллах ёстой. Үүний төлөө би бас өөрөө ажиллана.
Ярилцсанд баярлалаа.