Хүн ер нь өөрийгөө сонсох хамгийн чухал. Ер нь хүн өөр лүүгээ өнгийвөл их олон юм олдог юм шигээ. Заримдаа хүмүүс чинь өөр тийшээ том зүйл хайгаад бэдрээд яваад байдаг хэрнээ хайсан зүйлээ олж чаддаггүй. Тэгвэл өөрийгөө сонсох, дотогшоо чимээлэх дуртай, үүнээсээ алдаа, оноогоо ч олоод харчихдаг ууль зүйн салбарт өөрийн гэсэн орон зайгаа үлдээн ажиллаж яваа Хуульч, өмгөөлөгч Ч.Эрдэнэбатыг “Хөрөг” нэвтрүүлэгтээ урин ярилцлаа.
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Чулууны Эрдэнэбат гэдэг. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяатай. Гэргий, гурван хүүгийн хамт амьдардаг. Хуульч мэргэжилтэй ийм хүн байна. Нийгмийн хөгжлийн үйл явцад би их идэвхтэй оролцдог хүн. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
-Дорнод аймаг усан болон хуурай газрын хилтэй. Өөрөөр хэлбэл хилийн боомтууд ихитэйгээс гадна аялал жуулчлал илүү хөгжих боломжтой сайхан нутаг. Энэ нутагт хийж хэрэгжүүлэх ажлууд их бий байх?
-Дорнод аймгийн хөгжлийн гарц бол зөвхөн гадагшаа чиглэсэн буюу хоёр улс руу хилтэй. Нэлээн олон тооны хилийн боомтууд байна. Тийм учраас гадаад хөрөнгө оруулалт, Чойбалсан хотын хувьд бол жаахан амбицтай байх, Зүүн Хойд Азийн хөгжлийн хурдад хөл нийлүүлэх ийм боломжууд өргөн бий. Сүүлийн 8, 9 жил төрсөн нутагтаа ерөнхийдөө энэ хуулийн чиглэлээрээ ажиллаж байна. Хамгийн тод миний сэтгэлд үлдсэн стратегийн өмгөөлөл гэх юмуу, эсвэл олон нийтийн сайн сайхны үйлс гэвэл хоёр, гурван зүйл санаанд тодхон байгаа.
Хамгийн том нь Хэрлэн голын эх орчим дээр Багануур дүүрэгт химийн аюултай хог хаягдал булшлах ийм үйлдвэр барих Засгийн газрын тогтоол 2019 онд шиг санаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан. Салбарын сайд нь Баделхан гэж хүн байсан. Энэ хүмүүсийн Засгийн газрын тогтоолоор гарсан тогтоолыг Дорнодчууд түүн дотроо миний бие эрхзүйн туслалцаа үзүүлж манлайлж оролцоод Үндсэн Хуулийн Цэцэд хандсан. Үүний дараагаар Засгийн газар тогтоолдоо өөрчлөлт оруулж байсан. Одоо бол Хэрлэн голын эх дээр тийм аюултай үйлдвэр байхгүй. Тэр үйлдвэр доошоо урсцаараа тооцох юм бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар цаашлаад 180, 90-ээд мянган хүний асуудал яригдаж байсан. Үүнийг би бас амьдралдаа өмгөөлөгч болоод хийж чадсан, санаачилж чадсан нэг чухал ажил гэж хувьдаа боддог юм.
-Хууль зүйн салбарт ажиллах таны мөрөөдөл байв уу?
-10 жилдээ тухайн үед конкурс гэж өгдөг байсан. Тэгээд оноогоор жагсаагаад арай хүрээгүй. Тэгээд тэр үед гадаад руу явдаг, Орос руу бүгдээрээ наймаа хийсэн. Тэр үед яг таараад нэг жилийн чөлөө аваад Орос руу яваад сүүлд нь тэнд гурван жил болоод буцаж ирээд сургуульд орсон. Тэгээд маш их хичээсэн. Ямар ч байсан сурна гээд тэр үед сургуулиуд шинээр бий болоод хувь хүн л хичээж чадах юм бол сонголтууд их байсан. Ингээд би Их Засаг Их сургуульд орж байсан.
Ажил мэргэжилдээ зорилготой, дуртай. Надад бүр дотроосоо хийх ёстой юм шиг, магад хамгийн сайн хийж чадах юм шиг тийм мэдрэмж одоо болтол төрдөг. Тэнд ч төрж байсан. Одоо ч би тэрийгээ, мэдрэмжээ сайжруулах гээд зориод явж байгаа. Одоо мэргэжлээрээ 3-4 шавь бэлдчихсэн. Ер нь энэ мэргэжлээс амьдралаа, хувь заяагаа босгосон. Өөрөөр хэлбэл энэ мэргэжлээ амьдралын шаардлагаар олон авсан гэсэн үг.
Өмгөөлөгч өөрөө маш тийм ардчилсан мэргэжил шүү дээ. Хэн нэгнээс хамаарахаасаа илүүтэй өөрөө шийдвэрээ гаргадаг. Тодорхой хөдөлмөрийн харилцаанд өөрөө эрх эдэлдэг, үр дагавраа ойлгодог гэдэг ч юмуу, чөлөөтэй харьцах боломж нь гэдэг ч юмуу, мэдээж ам хардаггүй ажил учраас би одоо бодохдоо надад дадал болчихсон. Энэ ажлаа л хийх дуртай даа.
-Таны найз амьдралд чинь буцаж ирээд чи заавал өмгөөлөгч болох ёстой. Зөвхөн чиний л хийж чадах зүйл гэж яг тэр хэрэгтэй цагт, маш зөв чиглүүлэгч болж чаджээ?
-Би бас жаахан шүлэг бичдэг. Торгон мэдрэмж шүү дээ. Гэхдээ хүний найзыг тоолох нь бас чухал биш гэж хардаг. Магадгүй цаг хугацааны туршид хүн, богино хугацааны найз, эрх ашгийн гэдэг ч юмуу, хүмүүсийн харилцаан дунд нөхөрлөл үүсээд л явдаг. Гэхдээ цаг хугацаа бол өөрөө шалгуур. Яг хэн нь хэн бэ гэдгийг өөрөө тунгаагаад үлдээчихдэг.
Сэтгэл хөдлөхөөрөө Цэдэнбалжир найзынхаа тухай их бичдэг дээ. Одоо тэгээд би найз шигээ, өөрөө хэн нэгэнд яг хэрэгтэй үгийг нь олоод хэлчих юмсан гэж бодож хичээж явдаг.
Өмгөөлөгч болоод өөрийнхөө сурсны дагуу л багш шавь гэх нь хаашаа юм, гэхдээ би өөрөө анх өмгөөлөгч болохдоо хэнээр ч туслуулж чадаагүй. Маш их цаг алдсан. Хүнд зөв замыг нь зааж өгнө гэдэг бол маш чухал.
Одоо тэгээд бид нар нийлээд “Зөв чигийн зөвлөхүүд” гэдэг ТББ-ыг Дорнод аймагтаа манай шавь нар нийлээд, хамтардаг дүү нар нийлээд байгуулчихсан. Болж өгвөл чигийг нь заагаад өгчих юмсан. Ингэж явснаас ингээд явбал арай дөт, ингээрэй гээд л зөв чиг рүү зүглүүлэхийн тулд хааяа бас нэг “луужин” хэрэгтэй. Тэр нь байх юмсан гэж хичээдэг. Надтай хамтарч байгаа бүх хүмүүс яг л тийм зорилготой нэгдчихсэн Дорноддоо бүгд нэг тийм гоё сэтгэлтэй. Сэтгэл үнэртсэн баг чинь гоё шүү дээ.
Сайхан багш нарын маань хүч их. Би одоо Их Засаг Их сургуулийн урдуур гарах болгондоо дотроо бас залбирна гэх юмуу даа. Миний хоёр дүү бас төгссөн. Нэг нь одоо прокурор, нэг нь өмгөөлөгч хийж байгаа. Тэгээд хэлдэг юм. Энэ шар байшин бол бид нарын хувь заяа шүү. Ер нь бол байшиндаа ч биш, тэр дотор оршиж байгаа мэдлэг, эрдэмтэн хүмүүсийн итгэл, бид нарт зориулсан цаг хугацаа бүгдээрээ энэ бид нарын амьдралыг чирч яваа, түүчээлж яваа. Тийм учраас хаана сайхан мэдрэмж авсан, түүнийгээ мартаж болохгүй ээ гээд захьдаг.
Ер нь мэргэжилдээ туйлын хайртай, одоо гэргийнхээ дараа гэх юмуу даа.(инээв)
Ярилцсанд баярлалаа.