Монголчууд “Сайн хүний удам, сүүт гүүний унага” хэмээн ярьдаг. Ер эрт дээр үеэс Монгол өвөг дээдсээс, ахмад үеийнхнээс улбаалж ирсэн аман яриа, онч мэргэн үг хэллэг зөвхөн монголд, монгол ахуйд л ойр байдаг биз ээ. Монгол хүн байна гэдэг, Монгол улсын иргэн байна гэдэг үнэхээр л бахархам, басхүү энэ орчлонгийн хувь заяаны тэр л онч гэлтэй. Эх орноо гэсэн үзэл бодолтой, эх оронч сэтгэлгээг багаасаа тархи оюундаа бат суулгуулсан, одоо ч улс эх орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцон яваа нэгэн эрхмийг бид “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урилаа. Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Шаравын Сүрэнжавын Лүндэг манай нэвтрүүлэгт морилон саатлаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхийн албыг хашдаг билээ.
-Сайн байна уу? Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан танд талархлаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Сүрэнжавын Лүндэг гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажилладаг. Өнөөдөр та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна.
Миний энэ Лүндэг гээд нэр маань Төвөд үг. Тэгээд суурь онол гэсэн үг юм байналээ. Тэр утгаараа ч юмуу, би юмыг их суурь утгаар нь ойлгохыг бодож, санаж, сэрж явдаг. Өвөөгийнхөө номын бор шкафыг ухаж төнхөж өссөн хүүхэд дээ.
Манай өвөө Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Шаравын Сүрэнжав гэж хүн байсан. Би их азтай хүн. Анх ерөөсөө төрөөд л өвөө, эмээгийндээ шууд очоод л тэр цагаас хойш өвөө, эмээгийндээ өсөж хүмүүжсэн. Өвөөг гэртээ байгааг хүн болгон мэддэг учраас урлагийнхан өдөр өнжихгүй ээлж дараагаараа ирцгээнэ. Өдөржингөө л манайд байж, урлаг, уран сайхны тухай, гоозүйн тухай, түүхийн тухай сайхан ярилцаж өнждөг байлаа. Тэгээд би ухаан орохын л сайхан урлагийн ертөнцөд л өсөж бойжсон гэх юмуу даа.
Өвөө маань надад Эх орон, Монгол соёл уламжлалаараа бахархах,
хүндэтгэх үзлийг маш сайн суулгаж өгсөн
Өвөө маань надад нэгдүгээрт энэ эх орон, Монгол соёл уламжлалаараа бахархах, хүндэтгэх үзлийг маш сайн суулгаж өгсөн. Ялангуяа яруу найрагч хүн бол мэдээж эх орноо бахдан дуулдаг, эх орноо магтан дуулдаг. Энэ нь надад нэвт шингэсэн. Тэгэхээр ер нь бол эх орноороо бахархах үзэл, эх орноо хайрлах үзэл бол хамгийн чухал.
Монголын сайхан суутнуудын яруу найраг, утга зохиолыг уншиж өслөө. Дэлхийн суутнуудын утга зохиол, яруу найраг, сайхан суут бүтээлүүдийг уншиж өссөн. Өвөө, эмээгийнхээ гар дээр хүн болж хүмүүжиж төлөвшсөн учраас тэр олон мундаг яруу найрагч нарын хүрээлэл дунд нь байж өссөндөө маш их баярлаж, бахархаж явдаг даа. Ийм учраас одоо эх орноо, Монгол улсаа гэсэн сэтгэл бол хүүхэд болж төлөвшөөгүй байхдаа л аль хэдийнээ миний зүрх сэтгэлд суучихсан байсан юм болов уу. Тэр ч утгаараа би Монголын төрд, төрийн ажил хийж байгаадаа баяр бахдалтай байдаг даа. Улсдаа хэрэг болж чадаж байна. Улсынхаа төлөө хэрэгтэй зүйлийг нь хийж бүтээхийн төлөө явж байна гэдгээрээ үнэхээр их бахархдаг.
Улс эх орныхоо бодлого шийдвэр, зөв зүг рүү залж авч явдаг хариуцлагатай
албанд ажиллаж яваадаа бахархдаг
-Та төрийн ажил албаны хувьд л бас л их содон түүхтэй хүн юм билээ. Таван удаагийн Засгийн газар алба хашсан гэж сонссон?
-Төрийнхөө төлөө УИХ-ын тамгын газар анх ажилд ороод парламент гэж яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Улс орны бодлого, шийдвэр, хууль тогтоомж яаж гардаг гэдгийг яг дотроос нь харж УИХ-ын Тамгын газар, таван удаагийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөл зэрэг албуудад ажиллаж байсан. Ингээд бодохоор энэ улсын бодлого шийдвэр, улс орныг залж авч явдаг энэ бүх үндсэн байгууллагуудад ажиллаж үзсэн байна. -Таны хувьд гадны хэд хэдэн орныг зорин сургуульд суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүсэн хүн. Яг гадны оронд суралцахаар эх орноо, нутгаа гэсэн сэтгэлээр үргэлж л дотроо үгүйлж явсан байх?
Монголын маань өв соёл маш үнэ цэнтэй
-Гадаадад сурах чинь нэг талаараа их сайхан. Нөгөө талын нутгаасаа хол их хэцүү л дээ. Японд очиж сурч байхад Дорнын соёл, Ази соёлыг үлгэр жишээ болгосон маш сайхан орон. Ер нь хамгийн гол чухал зүйл бол хүн хүнтэйгээ харилцах, хүн хүнээ хүндэтгэх, тэр харилцаа нь Дорнын соёлд илүү чухал байдаг.
Америкт буюу одоо Баруунд сурч байхад бол яг эсрэгээрээ чи бид хоёр яг ижил тэгш эрхтэй хүмүүс гэдэг байдлаар харилцдаг учраас илүү чөлөөтэй харилцаатай. Яагаад ч юм мэдэхгүй, би эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд болохоор юмуу, хаана ч очсон нутгаа их санана.
Тэр сайхан соёл мэдээж байгаа ч гэсэн Монголын маань өв соёл илүү чухал юм байна гэж хардаг. Ялангуяа залуучууд маань сохроор гадны соёлыг дагах биш. Эсрэгээрээ бидэнд илүү үнэтэй зүйл байгаа. Зарим нэг юмыг бас бид нараас суралцсан ч гэж хэлж болохоор зүйлүүд байдаг. Тэгэхээр Монголоо гэдэг сэтгэлээ ер нь алдаж болохгүй юм байналээ.
Бид нар илүү агуу ард түмэн гэдгээ зүрхнийхээ угаас сайтар ойлгож байх ёстой юм байна гэдгийг л гадаадад хамгийн сайн ойлгосон зүйл дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхийн алба алдах эрхгүй төрийн ажил
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх маш хариуцлагатай, алдах эрхгүй төрийн онцгой албан ажил. Магадгүй зарим хүмүүс туслахын ажил шиг ойлгодог байх?
-Энэ алба бол маш хариуцлагатай, нягт нямбай гүйцэтгэх төрийн албан ажил. Бид нар хэрвээ алдаа гаргавал энэ чинь улсын эрх ашиг, Монгол Улсын эрх ашиг яригдана. Монгол Улсын Төрийн Тэргүүн алдаатай нэг ч үг байтугай, нэг ч цэг таслал ярьж болохгүй. Тэгэхээр энэ бол маш чамбай, алдаа хийдэлгүй хийх шаардлагатай ажил байдаг. Дээрээс нь эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийн төлөө бол ямагт тийм зөв зүйлийг хийх ёстой. Бас дээрээс нь сэрээж, уриалж, дуудаж, чиглүүлж, манлайлал хийх ёстой байдаг. Тэгээд энэ болгоны чинь ард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүд, Зөвлөхүүдийн баг, Ерөнхийлөгчийн Тамгын Газар гээд энэ институц ерөөсөө энэ Ерөнхийлөгчийн л зөв шийдвэр гаргах үндэс суурийг бэлдэхийн төлөө бүхэл бүтэн ийм баг институц ажиллаж байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн баг бол салбар салбарын хамгийн өндөр хэмжээний эрдэмтэн, доктор, салбартаа манлайлал болсон ийм хүмүүсээс бүрдсэн баг байдаг. Энэ сайхан багтайгаа ингээд хамт ажиллаж байгаадаа би бас их бахархдаг. Манай баг хамт олон үнэхээр сайхан Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, улсынхаа төлөө өөрийнхөө тэр эхэлсэн салбараа хөгжүүлж, салбарынхаа хөгжил дэвшлийг улс эх орондоо үр бүтээлтэйгээр ашиглахыг зорьсон ийм сайхан хамт олон байдаг даа.
Гэргий маань ар талын бүх л асуудлыг хариуцаж явдагт маш их баярладаг
-Төрийн ажил алба цаг наргүй, ёстой л чин сэтгэл зүрхээр зүтгэж хөдөлмөрлөдөг. Таныг ажил албаа тууштай гүйцэтгэхэд гэр бүлийн түшиг тулгуур маш чухал дэм, түшиц болдог байх?
-Манай гэргийг Уранбилэг гэдэг. Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирлаар ажилладаг. Хэд хоногоор хөдөө явдаг ч юмуу, гэнэтхэн нэг өдөр гадагшаа айлчлалаар яваад олон хоног ирдэггүй ч юмуу, маш их ачаалалтай цаг наргүй ажилладаг учраас гэргий маань л ар гэрийн бүх асуудлыг хариуцаж авч явдаг. Гэргийдээ маш их баярлаж талархаж явдаг.
Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн гурван том
үндэсний хөдөлгөөн үр дүнгээ сайхан өгч байна
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд гурван том хөдөлгөөн өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хүн болгон нь мэдээлэл ойлголттой болж дор бүрнээ гар бие оролцож яваа?
-Одоо бид нарын эхлүүлээд үр дүн нь сайхан гарч байгаа хүн болгоны мэддэг болчихсон гурван том “Үндэсний хөдөлгөөн” байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн болон Эрүүл монгол хүн гээд гурван том үндэсний хөдөлгөөн байгаа. Цаашдаа энэ хөдөлгөөн Цагаан алт гээд үргэлжлүүлээд явна.
-Хүн байхын утга учир хамгийн нандин. Тэр дундаа бид Монголоороо бахархах, эх орноос гэсэн чин сэтгэлтэй байх нь чухал билээ?
-Бид нар бол байгалийн баялаг ихтэй ард түмэн. Гэхдээ Монгол улсын түүхийн баялаг гэдэг бол түүнээс илүү их. Бид нар үүнийгээ ашиглах ёстой. Үүгээрээ бахархах ёстой. Тийм учраас бид нар энэ Монгол гэдгээрээ бахархаж, Монгол хүн гэдгээрээ бахархаж явах нь бол хамгийн чухал.
Ер нь бол эрх чөлөө гэдэг зүйл чинь яг үнэндээ Монголд л байдаг даа. Монголын энэ сайхан газар нутаг, Монголын энэ сайхан тал нутагт жинхэнэ эрх чөлөө гэж зүйл чинь байдаг. Тэрийгээ бид нар мэддэггүй.
Ямар ч төрлийн ажилд хүн хүнээрээ байж, хүнтэй харьцах гэдэг л хамгийн чухал. Бас зовлон жаргалаа ойлгоно. Нэг өдөр заримдаа нэг нь жаахан сэтгэл гундуу ч ирэхийг үгүйсгэхгүй. Хүний амьдрал баян. Тэгээд бие биенийгээ нөхөж ажиллана энэ хамгийн чухал. Монголчууд бид нар улс надад юу өгөх вэ гэх биш, би улсдаа юу хийж бүтээх вэ гэдэг зүйл дээр илүү төвлөрөх цаг болсон. Илүү хариуцлагатай амьдрах цаг болсон байна.
Ярилцсанд баярлалаа.