Профессор Б.Болдгив МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад нухацтай хандаж, хүмүүст өрсөлдөх боломж олгох, өрсөлдөөний талбарыг илүү өргөтгөх хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, “Монгол Улсын Их Сургуулийн ректороор 2022 онд Д. Бадарч томилогдон ирэхэд “олон улсын хэмжээнд ажиллачихсан туршлагатай, улс төрийн шахалтыг сөрөөд зогсоод байж магадгүй менежер ирлээ” хэмээн нааштай хүлээн авсан хүмүүсийн нэг нь би. Ирэнгүүтээ л улс төрийн шахалтанд орсныг нь гаргасан шийдвэрээс нь эхлээд л гадарласан ч бүх шийдвэрээ “би өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргасан” гэж зарласаар байгаад, эцэст нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргачих нь тэр. МУИС-ийн доторх политик, дотоод амьдрал, дүрэм журам, төрийн өмчийн их сургуулийн ажил амьдралд үргэлж нөлөөлсөөр ирсэн улс төрийн гадаад нөхцөл байдал зэргийг сайн танилгүй байсаар яваад өгөв. Хэнд ч итгэж чадаагүй нь (өргөдлөө өгснийг нь ч, өгснийхөө дараа хэд хоног хаашаа явсныг нь ч МУИС-д нэг ч хүн мэдээгүйгээс энэ тодорхой харагдана), бас ч гэж улс төрийн шахаасанд эхнээсээ л орсон нь түүнийг явсны дараа улам бүр тодорхой болж байна. Гэхдээ тодорхой асуудлуудыг зөв, шударга тийш нь шийдэх гэж, залах гэж оролдсон, тодорхой үр дүнгүүд гарсныг ч бас дурдах нь зөв.
МУИС дахин ректорын үүрэг гүйцэтгэгчтэй болж аваад, одоо ректорын сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай болов. Шинэчлэгдэн батлагдсан хуулиараа бол “29.4.Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалттай тул БШУ-ны Сайдын баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг УИХ-ын сонгуулийн өмнө зарлахаар яаравчлав. Төрийн өмчийн их сургуулийн Удирдах зөвлөл (УЗ)-д их сургуулийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах чиг үүргийг хуулиар “өгсөн” тул УЗ ийнхүү сонгон шалгаруулалтыг зарлав. УЗ нь ректороо сонгон шалгаруулаад л, их л улс төрөөс хараат биш болсон юм шиг боловч үнэндээ УЗ-ийн бүрэлдэхүүн “26.3.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлд үүсгэн байгуулагчийн төлөөлөл найм, багшийн төлөөлөл гурав, төгсөгч, ажил олгогчийн төлөөлөл гурав, суралцагчийн төлөөлөл нэг байна” гэж заасан буюу өөрөөр хэлбэл БШУ-ны сайдын томилсон төлөөлөл дийлэнх олонх тул энэ шийдвэрийг гаргасан гэдэг нь их сургуулийн ректорыг сонгуулиас өмнө даруйхан томилох улс төрийн сонирхол байгааг харуулна.
Ингэж сонгон шалгаруулалтыг яаран зарлахдаа “Доктор (Рh.D) зэрэгтэй байх, Профессор цолтой байх, Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх” хэмээн өрсөлдөөний талбарыг зориуд хумьж, нэг л амбантны бөхийг түрүүлүүлэх зарыг МУИС-ийн УЗ-өөс гаргуулжээ.
Энийг задлаад үзвэл: (1) “Доктор (Рh.D) зэрэгтэй байх” гэдэг нь Sc.D зэрэгтэй хүмүүс байвал тэднийг автоматаар хасаж байгаа гэсэн үг болох уу, заавал “Доктор (Рh.D) зэрэгтэй байх” гэсэн (“Доктор (Рh.D) ба түүнээс дээш зэрэгтэй байх” гээгүй шүү) байх юм. (2) “Профессор цолтой байх” гэсэн заалт нь МУИС-ийн зөвхөн дотоодод бол 18 хүн байгаа бөгөөд өрсөлдөөний талбарыг <18-аас цөөхөн хүнтэй болгож өгч байна (энэ 18 дотор буй Доктор (Рh.D)-оос дээш зэрэгтэй хүмүүс хасагдахаар <18 болно). (3) “Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх” гэдэг болзлыг дээрх <18 хүнээс хангах хүн МУИС-д 3-4 бий. Яагаад “3-аас доошгүй жил, эсвэл 5-аас, 10-аас доошгүй жил” байж болоогүй юм, яагаад заавал “16-гаас доошгүй жил” гэж байгаа юм, “10, 15 байж болохгүй юм уу” гээд хүн асууж болно оо доо. Нэгмөсөн “тийм овог, тийм нэртэй байх” гээд зарлачихвал яадаг бол.
Ингээд, хичээлийн жил дуусаж, багш нар тайлан тооцоо хийгээд, зуны судалгаа, амралтаа төлөвлөж байгаа энэ үед, УИХ-ын сонгууль явагдах гээд улс төрчид мөн л завгүй байх энэ цаг үед БШУ-ны сайдын олонхыг нь бүрдүүлж томилсон УЗ нь МУИС-ийн ректор болох хүнийг бараг нэрлэж өгөөд, сонгон шалгаруулалт явуулсан болж өнгөрөх санаатай байгаа нь цаг үеийн нөхцөл байдлыг ашиглах гэж яаравчилсан үйлдэл болж байна. Их сургуулийн ректор бол дээд боловсролын салбарын шилдэг менежер байх ёстой болохоос биш, дээрх болзлыг хангасан хүмүүс их сургуулийн шилдэг удирдлага байна гэж үзэх ямар ч боломжгүй юм.
МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн суурь мэргэжлүүдээр мэргэжилтэн бэлтгэдэг улсдаа цорын ганц их сургууль бөгөөд энэ их сургуулийн ажил амьдралаас ирээдүйн Монголын хувь заяа тодорхой хэмжээгээр хамаарах учраас МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтанд нухацтай хандаж, хүмүүст өрсөлдөх боломж олгох, өрсөлдөөний талбарыг илүү өргөн болгохын тулд дээрх болзол шалгууруудыг илүү сайн удирдагч манлайлагчийг тодруулах чиглэлтэй болгон өөрчилж, МУИС-ийн ректорын сонгон шалгаруулалтыг УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар бүрдсэний дараа явуулахаар болгон хойшлуулах талаар шаардах нь зүйн хэрэг гэж үзэж байна” гэв.