Бид энэ удаа МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Г.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрээр одоо мэдээлэл технологийн мэргэжилтнээр бэлтгэгдэж буй. Түүний хувьд 2010 оноос спортын сагсан бөмбөгийн төрөлд дурлаж, NBA-д орсон анхны монгол тамирчин болох том хүсэл тээж байжээ. Харин одоо тэр ирээдүйн мэргэжлээ сонгож, мөрөөдлөө орхилгүй эзэмшсэн мэргэжлийнхээ хажуугаар спортын тайлбарлагч болохоор хичээж байна. Г.Амарбаясгалангийн зорилго бол хүүхэд залуусыг спортод дурлуулж, NBA-д монгол тамирчин тоглохыг харах юм.
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Таны мөрөөдөл хийгээд одоо сурч буй мэргэжил хооронд их зай байна. Яагаад IT салбарын мэргэжил сонгохоор шийдэв?
-Анх МУИС-д орж байхад мэргэжлээ биш салбар сургуулаа сонгож ордог байсан юм. Зах зээлд эрэлтэй мэргэжил гэдэг утгаар нь сонгосон. Хүүхэд байхаасаа тодорхой хэмжээнд сонирхож байсан. Яг мэргэжлээ сонгох эгзэгтэй мөчид надад нөлөө үзүүлж байсан хүн байгаагүй. Гэр бүлийнхэн маань зөвлөсөн, дэмжсэн. 2021 онд МУИС-д элсэхдээ ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдсан. Тэтгэлгийн хүрээнд АНУ, Австрали улс руу сурах сонирхолтой байсан ч чадаагүй. Ингээд эх орондоо суралцах шийдвэр гаргасан.
Хүссэн сургуульдаа элсэж чадаагүй нь харамсалтай ч эх орондоо их зүйлийг сурна гэж бодсон. Эцэст нь хэлэхэд энэ бүхэн миний сонголт учраас харамсдаггүй.
-Сурахынхаа хажуугаар спортын тайлбарлагч хийж байгаа. Яагаад спортын тайлбарлахыг сонирхож эхэлсэн бэ?
-Хүнд хийхийг хүсдэг олон зүйл бий. Тэдний нэг нь спортын тайлбарлагч болох байсан. Би өөрөө 2010 оноос сагсанд дурлаж эхэлсэн юм. Тухайн үед NBA-д орох анхны монгол хүн болох том мөрөөдөл тээж явлаа. Өөрөө NBA-д тоглож чаддаггүй юм аа гэхэд хоббигоо хөгжүүлж сайн тайлбарлагч болохыг хүсдэг. Зорилго нь NBA-д монгол тамирчин тоглохыг л харах.
-Хэзээнээс тайлбарлагч хийж эхлэв?
-Өнгөрсөн жил Ховд лиг хоёр дахь жилдээ өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдсан. Энэ үеэр албан ёсны тайлбарлагчийн ажил хийж эхэлсэн. Үргэлжлүүлээд Зуны лиг тайлбарлаад явсан. Гэхдээ би арай л болоогүй байгаа.
-Спортын тайлбарлагч хийж байх хугацаанд янз бүрийн хүндрэл бэрхшээлүүд гарч байсан уу?
-Гардаг. Ихэвчлэн анхны тайлбарууд дээр сандарч, айх зэрэг асуудлууд тулгардаг. Лайв тайлбарлаж байхад янз бүрийн хүмүүс орж ирээд л элдэв янзаар бичихээр жаахан сандардаг байлаа. Одоо бол харьцангуй сандрах нь ч багассан, тайлбарлах маань ч сайжирсан.
-Гэр бүлийнхэн нь хэр их дэмждэг вэ?
Гэр бүлийн хүмүүс маань эсэргүүцэхгүй, бас дэмждэггүй. Зүгээр л хүссэнээ хийж байна уу л гэдэг.
Н.Мэнд-Амар
Хөөрхөн дүүдээ амжилт хүсье. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урагшаа чи чаднаа🥰🤗💪🏀🏀🏀🇲🇳🇲🇳🇲🇳