Говийн бүсэд нэр дэвшиж буй “цензургүй” Л.Мөнхбаясгаланд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга говийг усжуулах санаачилгыг нь үргэлжлүүлэхийг хүслээ.
Тодруулбал Х.Баттулга нь 10 гаруй жилийн өмнө Говь нутагт ус татах “Орхон говь”, “Хэрлэн говь” зэрэг инженерчлэлийн төслүүдийг санаачлан, өөрийн хөрөнгөөр ТЭЗҮ-г нь боловсруулж байсан удаатай. Гэвч тухайн үед улс төрийн шахалт дарамтын улмаас уг төсөл хэрэгжиж чадаагүй юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийг хамгийн ихээр эсэргүүцсэн хүн нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байв. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд тухайн үед Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Хэрлэн голын уснаас говь уруу ус татвал Хэрлэн гол ширгэнэ хэмээн суртал ухуулга хийж, ард иргэдийг дайчлан эсэргүүцэж байсан удаатай. Гэвч судалгаанаас харвал хаврын цагт болдог шар усны үер, зуны аадар бороо зэргийн улмаас Хэрлэн голын усны нөөц асар ихээр нэмэгддэг бөгөөд тухайн нэмэгдсэн ус долоо хоногийн дотор Монголын нутгаас гарч БНХАУ-ын далай, нууруудад цутгадаг байна.
Иймээс эдгээр төслүүдийн гол зорилго нь урд хөрш рүү урсан гарч байгаа усны нөөцийг хиймэл нуур барин Монголын нутагт хадгалж, тухайн нуураасаа говь руу ус татах зорилготой юм.