Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Улмаар тус хуралдаанаар нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Эдгээр хүмүүсийн дунд олны анхаарлыг татаж буй хэд хэдэн хүн бий. Тухайлбал, С.Баярцогт, Б.Хурц нарын хүмүүс. Эдгээр горилогчдын талаар СЕХ-ноос тодруулахад, АН-ын Үндэсний бодлогын хорооны 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн “Ардчилсан намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолоор Б.Хурц, С.Баярцогт нар нэр дэвших хүсэлт СЕХ-нд ирээгүй. Тиймээс нэр дэвшигчийг бүртгэх эсэх талаар өчигдрийн хурлаар яригдаагүй гэсэн үг.
Харин Н.Номтойбаяр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан учир бүртгэхээс татгалзсан.
Н.Номтойбаяр хүсэлтээ дахин өгөх боломжгүй.
Харин Ардчилсан намаас нэр дэвших хүсэлт ирүүлсэн Ж.Баясгалан болон МАН-аас нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар татварын өртэй учир бүртгэхээс татгалзсан. Гэхдээ татварын өрөө төлөөд зургадугаар сарын 2-ны дотор хүсэлтээ дахин өгөх эрх нь нээлттэй гэлээ.