Шинэ онд хийхээр төлөвлөж байгаа онцлох ажил юу байна вэ?
Эдийн засаг, хөгжлийн яам чиг үүргийн хүрээнд нэлээдгүй олон ажлуудыг хийдэг. Үүнээс онцолж хэлбэл, 2024 оноос хэрэгжиж эхэлж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль юм. Энэ хуулийн УИХ 2022 оны 12 сарын 9-нд баталсан байдаг. Өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлуудыг хангаж, холбогдох журмуудыг боловсруулж, олон улсын байгууллагууд, Засгийн газрын гишүүд, олон нийтээс санал авч, тусган Засгийн газраар батлуулаад байна. дагалдах журмын төслүүдийг боловсруулж, Засгийн газраар батлуулаад байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зорилго, онцлог нь юу вэ?
Энэ хуулийн зорилт нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, төр, хувийн хэвшил эрсдэлийн оновчтой удирдлагад суурилан түншлэлийн гэрээний дагуу урт хугацаанд үр ашигтай хамтран ажиллах болон санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа. Энэ хууль 9 бүлэг 60 зүйлтэй нэлээд дэлгэрэнгүй хууль болсон байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэдэг олон улсын утга зарчмаар нь эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон тул түншлэлээр хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт, бэлтгэл ажил, тавигдах шаардлагууд, сонгон шалгаруулалт, хэрэгжилт, түншлэлийн гэрээ зэрэг үйл ажиллагаануудыг нарийвчлан үе шатуудыг зааж өгсөн. Бас түншлэлийн зарчмууд, төрийн байгууллагуудын чиг үүрэг, ил тод байдлыг хангах, хяналт тавих, тайлагналт зэрэг асуудлыг гээд бүхий л түвшинд тусгаж оруулсан олон улсын жишигт нийцсэн хууль болсон.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр төр, хувийн хэвшлийн түншлэн хамтран ажиллах шинэ эрхзүйн орчин бий болж, хувийн хэвшлийн оролцоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа зах зээлийг тэлэх, урт хугацаанд тогтвортой, харилцан үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөнийг бий болгож, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зэрэг хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой харж, хүлээлттэй байна.
Энэ хуулийг боловсруулах батлуулах хэрэгцээ шаардлага юу байсан бэ?
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Концессын тухай хуулийн хүрээнд тодорхой төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ тэрхүү туршлага дээр туршлага дээр суурилан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн суурь зарчмын хүрээнд өөрчлөн шинэчлэх, ойлгомжгүй, тодорхойгүй зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой уялдуулах, нэр томьёог жигдлэх, олон улсын жишиг, практик шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Ялангуяа улсын хөгжилд чухал ач холбогдолтой томоохон хэмжээний дэд бүтцийн төсөл, төрийн үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, хэрэгжүүлэх хууль эрхзүйн орчныг бий болгох үүднээс Засгийн газраас боловсруулж, батлуулсан байдаг. Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай. Энэ мэт чухал дэд бүтцийн төслүүдийг төсвөөр хэрэгжүүлэх боломжгүй тул зайлшгүй хувийн хэвшилтэйгээ харилцан үр ашиг бүхий түншлэн ажиллах, тэдний хөрөнгө оруулалтыг татах хэрэгцээ шаардлагатай байгаа юм.
Концесс бас төр, хувийн хэвшлийн түншлэл гээд хуулийн нэршил нь өөрчлөгджээ, ялгаа нь юу вэ?
Судлаад үзэхэд олон улсын хэмжээнд бол концесс гэдэг ойлголт нь нэгэн төрлийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр ба ихэвчлэн төрөөс хувийн хэвшилд ажил үйлчилгээг хариуцуулан хийлгэж, түүгээрээ дамжуулан хэрэглэгчээс орлого олох боломжтой байдлаар эрхийг нь өгдөг байна. Харин төр, хувийн хэвшлийн түншлэл нь илүү өргөн агуулгатай, концессоос гадна өөр бусад олон төрлийн арга хэлбэрээр урт хугацаанд хувийн хэвшилтэй хамтран ажиллах тогтолцооны тухай ойлголт юм. Гэхдээ дэлхий дахинаа нэгдсэн нэг ойлголт тодорхойлолт байдаггүйн байна лээ. Улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан тодорхойлж, хуульчлан ашигладаг. Манай улсын хувьд бид 2010 онд батлагдсан Концессын тухай хуульд концессыг авч үзэхдээ төрийн эд хөрөнгө болон нийгмийн үйлчилгээг гэрээгээр эзэмших, ашиглах, сайжруулах онцгой эрх гэж тодорхойлсон байна. Харин шинэ хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэл гэдгийг ерөнхийдөө төр нь хувийн хэвшилтэй урт хугацааны түншлэлийн гэрээгээр дэд бүтэц байгуулж, төрийн үйлчилгээг нийтэд үзүүлэх, ингэхдээ эрсдэлээ оновчтой тодорхойлж хуваарилан, санхүүжүүлж, үр ашигтай тогтвортой хамтын ажиллагаа гэж өргөн хүрээнд томьёолсон.
Концессоос өөр ямар бусад хэлбэрүүд байгаа вэ?
За шинэ хуулиар өмнөх хуулиар нэлээд асуудлууд үүсгээд байсан ВТ буюу барих шилжүүлэх төрлийг хориглосон байгаа, ийм хэлбэрийн гэрээ хийхгүй гэсэн үг. Тэгээд өөр бусад хуульд заасан хэлбэрүүдийг дурдахын бол олон улсад нэлээд өргөн ашиглагддаг зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх буюу DBFOM төрөл, мөн барих, ашиглах, шилжүүлэх буюу ВОТ, барих, шилжүүлэх, ашиглах буюу ВТО гэсэн төрлийн гэрээнүүд байна. Мөн шинээр дэд бүтэц барихаас гадна одоо байгаа дэд бүтцийг хувийн хэвшилтэй хамтран түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх, ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх, сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх, удирдлагыг хэрэгжүүлэх гэх мэт хамтын ажиллагаа байж болно.
Дагалдах журмууд батлуулсан гэж байсан, ямар журмууд юуг зохицуулж байгаа вэ?
Хуулийн 7 дугаар зүйлд ЭЗХЯ болон Сангийн яамнаас холбогдох журмуудыг боловсруулж, засгийн газраар батлуулахаар заасны дагаа манай яам дараах нэр бүхий журам, баримт бичгүүдийг батлууллаа. Тухайлбал Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолоор “Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам”, “Хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг”, “Түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал”, “Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам”-ыг тус тус хавсралтаар батлуулсан. Мөн “Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолоор Түншлэлийн төсөл хөгжүүлэх сангийн журмыг болон “Маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай” Засгийн газрын тогтоолоор Маргаан шийдвэрлэх зөвлөл байгуулж, зөвлөлийн ажиллах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Эдгээр баримт бичгүүд болон хуулиуд нь эрхзүйн мэдээллийн нэгдсэн систем болох легалинфо (legalinfo.mn) дээр бүрэн хэмжээгээрээ байгаа тул сонирхсон хүмүүс танилцах боломжтой.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлэх юм байна гэж ойлголоо. Энэ нь жишээлбэл ямар төслүүд байж болох вэ?
За нийтийн зориулалттай дэд бүтэц гэдэгт төрийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай барилга байгууламж, авто зам, төмөр зам, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх байгууламжуудыг ойлгоно. Төрийн үйлчилгээний тухайд бол мэдээж төрөөс иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, соёл гэх салбаруудыг дурдаж болох бөгөөд хамгийн гол нь бас иргэдэд тэгш, чанартай, стандартын дагуу үйлчилгээг үзүүлэх ёстой юм. Эдгээр асуудлыг мөн хуульд тодорхой зааж өгсөн байгаа.
Тэгвэл хууль хэрэгжиж эхлээд эхний ээлжид ямар ямар төслүүдийг түншлэлээр хэрэгжүүлэхээр байна вэ?
Шинэ хуулийн бас нэг онцлог нь энэ төслүүдээ нэлээд сайн судалж, бэлтгэл ажлыг хангах ёстой байгаа. Ингэснээр дээр дурдсан томоохон төслийг амжилттай урт хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс хуулиар энэ төслийг тодорхойлох, түншлэлээр хэрэгжүүлэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэх үе шаттай төлөвлөхөөр туссан. Жишээлбэл, эхлээд тухайн салбар хариуцсан яам нь ямар төслийг түншлэлээр хэрэгжүүлэх вэ гэдгээ шийдээд хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн яаманд гаргах ёстой. Тэр хүсэлтийг эхний ээлжид урьдчилсан үнэлгээ хийж түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэхийг нь тодорхойлох юм. Хэрвээ тохиромжтой юм байнаа гэж үзсэн тохиолдолд хөгжлийн бодлогын баримт бичигт заавал тусгасан байх ёстой юм. Яг төслийн нэрээрээ орох боломжтой хөгжлийн бодлогын баримт бичиг гэвэл жил бүр баталдаг хөгжлийн төлөвлөгөө, мөн 5 жилээр баталдаг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэх зэрэг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан баримт бичгүүдийг тусах шаардлагатай. Ингэж туссаны дараа тухай төслүүдэд бүрэн шинжилгээ хийж, техник эдийн засгийн үндэслэл, мөнгөний үнэ цэнэ, эрсдэлийн үнэлгээ зэрэг нарийн шинжилгээ, судалгааг хийсний үндсэн дээр уг төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг Засгийн газар шийдэх юм. Тэгсний дараа нийтэд ил тод нээлттэй, өрсөлдөөнт зарчмын хүрээн сонгон шалгаруулалт явагдаж, гэрээ байгуулан хэрэгжүүлнэ гэсэн ерөнхий процесс нь ийм.
2024 оны хувьд эхний ээлжинд хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тодорхой төслүүд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа тул тэдгээрээс судалгаа шинжилгээгээ эхлүүлээд бэлтгэл ажлаа хангаад явахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Энэ хууль хэрэгжүүлснээр ямар үр дүн бий болох вэ?
Олон улсад ТХХТ нь хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэд бүтцийг байгуулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулж, өргөн хүрээнд ашиглагдаж байгаа. Энэ ч утгаараа түншлэлийн төслийн бэлтгэл ажил хангах, бүрэн шинжилгээ хийх, сонгон шалгаруулах, гэрээ боловсруулж байгуулах, урт хугацаанд гэрээг хэрэгжүүлж, хяналт тавих үйл ажиллагаанд нэлээдгүй цаг хугацаа орсон, өндөр түвшний мэргэжлийн ур чадвар шаардсан ач холбогдол бүхий цогц бөгөөд төвөгтэй тогтолцоо юм. Тиймээс бидний хувьд энэхүү шинэ эрхзүйн орчныг үр дүнтэй ашиглаж, улсынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, томоохон дэд бүтцийн төслүүдийг гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Танд өөр шинэ хуультай холбоотой нэмж хэлэх зүйл байна уу?
За мэдээж шинэ хууль, эрхзүйн орчин бий болж байгаатай холбоотой эхний төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр гадаад дотоодын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч байгууллагууд зөв дохио болж цаашид ч олон төсөл, том бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэх учраас бид төрийн байгууллагууд хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллана. Мөн дан ганц төр ч гэлтгүй, хувийн хэвшлийн зүгээс ч гэсэн ийм төсөл хийвэл чухал гэсэн санал санаачилга гаргах боломжтой. Тэдгээр нь үнэхээр сайн ач холбогдолтой төсөл байна гэж үзэхийн бол хуульд заасны дагуу бэлтгэл ажлыг хангаад хэрэгжүүлэх бүрэн боломжтойг дурдаж байна. Манай яамны зүгээс ч цаашид энэ чиглэлээр олон нийт, холбогдох төрийн болон хувийн байгууллагуудад сургалт танилцуулга хийх хамтран ажиллахад нээлттэй шүү гэдгийг энэ дашрамд хэлэх байна.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Та бүхэнд шинэ ондоо ажлын өндөр амжилт хүсье.