Монгол улс мал аж ахуйн орон. Иймээс мал аж ахуйгаа түшиглэн малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах боломж бүрэн бий. Малын амьсгалаас бусдыг нь хаяхгүй байж болдог гэдэг тэр зөв цэгийг олж харсан баялаг бүтээгч Ц.Дагвадоржийг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урилаа. Тэрээр Монголын малын гаралтай өөх, тос үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Өөх бол шавхдаг нөөц биш ундардаг нөөц
-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Цэрэндоржийн Дагвадорж гэдэг. Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Манай аав сумын төв дээрээ ерөнхий нягтлан бодогч хийдэг байсан. Ээж маань сумын төвийн сувилагчаар ажилладаг байлаа. Эцэг эхээс наймуулаа, долоон ах, нэг эгчтэй, айлын хамгийн бага хүүхэд.
-Малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах бүрэн боломжтой хэмээн тэр цэгийг олж хараад та ажиллаж эхэлжээ. Хэрхэн яаж яваад баялаг бүтээгч болов?
-Анх баялаг бүтээгч болно гэж бодоогүй явлаа. Магадгүй мал дээр өссөн маань энэ ажлыг зориглож эхлүүлэхэд их нөлөөлсөн байх. Бага байхад л манай ээж, өвөө, эмээгийн хэлдэг байсан ухагдахуун нь малын амьсгалаас бусад эрхтнийг хаяж болдоггүй юм шүү гэж хэлдэг байсан. Тэгээд яг энэ салбар руу ороод одоо 4-5 жил үйл ажиллагаагаа явуулаад байна. Манай үйлдвэрийн нэг өдрийн хүчин чадал 10-15 тонн байдаг.
-Анх үйлдвэрээ хэдэн онд нээж байв? Мэдээж бэрхшээл хүндрэлүүд гарсан ч тэр бүхнийг даван туулж чадсан учраас энд ингээд амжилттай сууж байгаа байх?
-2019 онд үйлдвэрээ барьчихаад нэлээдгүй зүтгэсэн л дээ. Чамгүй бэрхшээлүүд гарч ирж байсан. Бид бууж өгөөгүй ээ. Тэгээс бүх ажлаа эхэлж үйлдвэрлэлээ босгож чадсан. Гэхдээ би чаднаа гээд зориглосон байхад тэр бэрхшээлийнхээ 70 хувьд нь гарчихсан байдаг юм болов уу гэж дотроо боддог.
Бид нар Узбекистан улс руу Монгол улсаас анхны экспортын тээврийг хийж чадсандаа баяртай байдаг. Мөн Казахстан, Солонгос, Орос гээд улсууд руу өөхөн тосны экспортыг гаргах талаар судалж байна.
Аливаа ажлыг хийж бүтээнэ гээд зориглосон байхад
70 хувьд нь гарчихсан гэсэн үг
-Малын гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн болгон амжилттай ажиллах нөөц боломж бүрэн байгаа байхнээ?
-Би нэг л зүйлийг итгэл төгс хэлнэ. Экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрүүд баригдах тусмаа өөрөө энэ мал аж ахуйн салбар бүрэн сэргэх боломжтой.
Иргэн Дагвадорж өөрөө өөх боловсруулаад энэ өөхийг үнэд оруулж байгаа бол яг үүнтэй адилхан хонины нэхийг үнэд оруулах бүрэн бололцоотой. Тэрний сархинаг байна уу, гүзээ байна уу, малаас гарч байгаа бүх зүйлүүдийг үнэд оруулаад өгөх юм бол үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэлүүд бий болвол нэг мал махныхаа үнээр биш дайвар бүтээгдэхүүн нийлсэн үнээр зарагдах тэр боломж харагддаг. Ингэснээр тухайн малын үндсэн үнэ өсөөд гараад ирнэ гэсэн үг. Хэрвээ ингэвэл малчны амьжиргаа дээшилнэ. Үүний үр дүнд малчид маань тэндээ суурьших гурав, дөрвөн үеэрээ амьдрах баталгаа нь энэ дээр гарч ирэх юм болов уу хэмээн залуу хүний хувьд боддог доо.
-Анагаахын салбарт ажиллах байсан гэргийгээ өөхний үйлдвэрлэл рүү урвуулан бүр ерөнхий нягтлан бодогчоор компанидаа ажиллуулжээ?
-Би гэргийтэйгээ 2008 оны сүүлээр анх танилцаж байсан. Нэг зүйл миний дотор бодогдсон. Тэр нь юу вэ гэхээр уул нь эмч болох хүсэл мөрөөдөлтэй, анагаахын салбарт ажиллах гэргийгээ өөр салбарт урвуулсан. Гэхдээ бид хоёр хоорондоо ярилцаад мэдээж компани байгуулж байгаа учраас тухайн үед нягтлан хэрэгтэй. Тийм хүн ажилд авахад цалин хэрэгтэй болно. Түүний оронд гэргийгээ аваад нягтлангаар ажиллуулвал зүгээр юм байна гээд шийдээд Мандах их сургуульд суралцаж төгссөн. Ингээд компанидаа ерөнхий нягтлан хийгээд явж байгаа.
Эр хүний ар талд байдаг цорын ганц үнэнч хүн бол гэргий байдаг. Өөрийгөө хүртэл золиослдог. Өөрийнхөө хүсэл мөрөөдлөө орхиж, хань ижлийнхээ ард, үр хүүхдийнхээ төлөө явж байдаг эмэгтэй хүн бол үнэхээр агуу гэж л хардаг даа.
Өөртөө хамгийн том хөрөнгө оруулалт хийсэн нь 4 мэргэжил эзэмшсэн
-Таны хувьд 4 мэргэжил хэдийнээ эзэмшээд амжжээ. Одоо эрхэлж буй ажилд тань сурч мэдсэн зүйлүүд асар их түлхэц болдог байх?
-Ээж маань анагаахын сургуульд ор гээд би анагаахад шалгалт өгөөд тэнцсэн. Мөн Хүмүүнлэгийн ухааны их сургууль, ШУТИС-иудад шалгалт өгөөд тэнцсэн. МУБИС-д шалгалт өгөөд тэнцээд багшаар явах боломжтой гэсэн. Тэгээд өөрөө бодож байгаад ШУТИС-ийг сонгон суралцсан. Сургуулийн маань нэр нь тухайн үед их гоё санагдаж байлаа. Олон улсын тээврийн удирдлага гэдэг нь удирдлагын анги, ер нь удирдагч болно гэсэн зорилготой. Ингээд тээврийн удирдлага гэсэн ангийг сонгоод ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд анх оюутан болон хөл тавьж орсон. Хоёрдугаар курс хүртэл суралцаж дуусгаад гуравдугаар курст ордог жилээ Солонгосын Ионсейгийн их сургууль руу солилцоогоор явж тэнд хоёр жил суралцаад төгссөн. Давхар дипломтой буюу тэр сургуулийн мөн ШУТИС-ийнхаа дипломтойгоо төгссөн юм. Үүний дараа ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуульд Олон улсын бизнесийн удирдлагаар магистрын зэргээ хамгаалаад мөн ажил амьдралынхаа явцын дунд Орхон их сургуулийг эрхзүйн мэргэжилтэй байх ёстой юм байна гээд эрхзүйч мэргэжлээр суралцаж төгссөн дөө.
“Үнэн байгаарай, тууштай, шударга байгаарай” хэмээн
аавынхаа захьсаныг хэзээ ч мартдаггүй
-Аав, ээжийн олгосон суурь хүмүүжил төлөвшил хүнд маш их нөлөөтэй байдаг. Магад таныг ийм хөдөлмөрч, тууштай болгож өсгөсөн нь аав, ээжийн тань ач биз ээ?
-Манай аавын маань надад их захидаг үг байсан. Өөрөө нягтлан хүн байсан учраас миний хүү аливаа зүйлд “Үнэн байгаарай, тууштай байгаарай, шударга байгаарай” гэж захьдаг байлаа. Аав, ээж хоёр маань маш хөдөлмөрч, тууштай, зарчимч хүмүүс байсан. Би боддог юм. Манайхтай ижил төстэй 3-4 үйлдвэр бий. Бид тэднийгээ өрсөлдөгч гэж хэзээ ч хардаггүй. Бид чинь цөөхөн Монголчууд шүү дээ. Харин ч илүү олон үйлдвэрүүд бий болж үндэсний үйлдвэрлэгч, үндэсний “Баялаг бүтээгч” нар гарч ирж байж экспорт руу чиглэсэн бодлогыг урдаа барина гэсэн үг. Бид хоорондоо ярилцаж, ирээдүйн бодлого төлөвлөгөө гаргадаг. Яг үүн дээрээ тулгуурлаад Монголын малын гаралтай өөх, тос үйлдвэрлэгчдийн холбоог байгуулсан. Холбоогоо байгуулаад Дагвадоржоо чи Гүйцэтгэх захирлаар нь ажиллаарай гээд хариуцлагатай үүрэг дээр намайг тавьсан. Би чинь Монголын малын гаралтай тос үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалыг давхар хашдаг хүн. Ингээд бид нар хамтраад цаашаа явах ёстой.
Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг
-Сэтгэлтэй, зүтгэлтэй тан шиг баялаг бүтээгчид олон болоосой гэж бодож сууна. Ирээдүйн зорилгоо та хэрхэн тодорхойлсон бэ?
-Монголчууд хөгжих үү, эс хөгжих үү гэдэг зааг дээр байгаа юм болов уу. Эрт дээр үеэсээ хөгжиж байсан мал аж ахуйтайгаа их ойрхон ард түмэн. Энэ бол бидний үнэт баялаг. Ялангуяа миний уриалж хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр мал аж ахуй дээр суурилсан бизнес рүү ороочээ. Энэ рүү чиглэсэн бизнесүүдийг хийж эхлэхийг уриалж байна. Үүн дээр ч гэсэн төр засгаас нь дэмжээд өгчихдөг. Энэ залуучууд Монголдоо үлдэх нэг л шалтгааныг манайх шиг өөхний үйлдвэр байдаг бол тэр сархинагийг нь боловсруулаад бүтээгдэхүүн болгодог үйлдвэр байгуулаад өгөөсэй. Ингээд ирэх юм бол нэг малын үнийг үнэд оруулж чадна. Энэ нь дэлхийд гарцаа нээнэ гэсэн үг. Ингэж байж бид нар хөгжлийнхөө зам руу хөтлөх юм болов уу.
“Бусдын төлөө хөдөлмөрлөсөн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг”. Бусдын төлөө л бид нар явах ёстой юм байна. Малын гаралтай бүтээгдэхүүн ялангуяа дэлхийд гарсан, Монголыг цуурайтуулсан баялаг байхын төлөө залуучууд явах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.