Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ болж өнгөрлөө. Тус хэлэлцээрийн зорилго нь худалдааны урсгалыг жигд, үр ашигтай явуулахын тулд тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид, иргэдэд шинэ боломжуудыг бий болгоход чиглэх юм.
Хоёр дахь шатны хэлэлцээрээр ямар асуудлыг хэлэлцсан болон гарах үр дүнгийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
Тэрээр “Энэхүү хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээрт болон хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудлуудыг хамарсан эдийн засгийн цар хүрээний хувьд өргөн асуудлыг хамарсан. Монгол улс экспортын зах зээлээ тэлэх ёстой. Манай экспортыг харвал ихэвчлэн уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд бид гол эдийн засгийн түнш улсуудтайгаа гэрээ хэлцэл хийх ёстой. Бараа бүтээгдэхүүнээ экспортлоно, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ гэж ярихын оронд түүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчноо бий болгохын төлөө энэ хэлэлцээрүүдийг хийж байна. Солонгос улс бол манай экпортын гурав дахь том зах зээл. Импортын бараагаар дөрөв дэх том зах зээл. Алтыг хасвал манай экспортын хоёр дахь том зах зээл болно. Манай улсын экспортын бүтцийг харвал ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Дөнгөж найм орчим хувь нь л уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүн байгаа учраас энэ хэлэлцээрт ихээхэн ач холбогдол өгч байна. Манай улсын олон залуу гадаадад ажиллаж, амьдардаг. Жишээлбэл, 53 мянган монгол хүн Солонгос улсад ажиллаж байна. 1700 оюутан Солонгос улсад сурч байна. Монголчууд олноороо очиж, ажиллаад байгаа үйлдвэрүүд нь монголд ороод ирвэл тэр олон залуу эх орондоо өндөр цалинтай ажилтай, ар гэрийнхэнтэйгээ, найз нөхдийнхөө дунд ажиллаж, амьдрах боломж нь бүрдэнэ. Хэлэлцээрийн нэг хэсгийг энэ чиглэлээр ярьж байна. Мөн визний асуудлуудыг ярьж байна. Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар, бизнес эрхлэгчид гэрээ хэлэлцээр хийхээр явах, янз бүрийн урт, богино хугацаатай сургалтууд байна. Энэ бүгдэд визний асуудал хөнгөлөлттэй, чөлөөтэй байж хоёр орны хоорондын худалдаа эдийн засаг хамтын ажиллагаа өргөжинө. Тиймээс энэ хэлэлцээрийн нэг хэсгийг визний асуудалд анхаарал хандуулаач гэх санал оруулсан. Мөн банкны салбар байна. Хоёр орны хооронд бараа таваар, хөрөнгө оруулалтын урсгалыг зохицуулж байх ёстой банкны салбар бий. Солонгосын томоохон банкуудыг Монголд оруулж, үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог нь хангаж өгмөөр байна. Төлбөр тооцоо хурдан шуурхай хийгддэг нөхцөлүүдийг оруулж өгмөөр байна. Тулгамдаж буй олон асуудлыг шийдэхийг зорьж, энэ асуудлуудыг хэлэлцээрийн явцад тавьж байна. Энэ ондоо багтааж эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дуусгая гэдэг хүсэлт тавьсан. Энэ жилдээ дуусгана гэдэг нь Монгол талаас ч, Солонгос талаас ч хэлэлцээр хийж буй хүмүүс нэлээн шуурхай ажиллах шаардлагатай болж байгаа юм” гэв.