Монгол улс хөгжих боломжтой. Монголчууд асар гярхай, аливаа зүйлд дасан зохицохдоо маш сайн, үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс. Сайн явах санааных гэдэг. Бид сайн санаагаа олсон. Тиймээс бид асар богино хугацаанд хөгжиж чадна хэмээн итгэл төгс өгүүлэх Эрхзүйч мэргэжилтэй Төрболдын Бат-Оргилыг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийнхаа дугаарт урилаа.
Түүнийг үзэгч, уншигчид “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” хэмээх уран бүтээлүүдээр нь илүү ойр таних биз ээ.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчд таныг одоо ч олны дунд хит болсон уран бүтээлүүдээр нь илүү ойр таних байх?
-Сайн байна уу. Намайг Төрболдын Бат-Оргил гэдэг. Би эрхзүйч мэргэжилтэй.
Би өөрийгөө үнэхээр сүрхий дуучин гэж боддоггүй. Миний сонирхдог төрлийг “бард” гэж хэлдэг. Нэг тийм марзан, манайхаар туйлч гэх юм уу. (инээв)
Урлагийн хүмүүсийн гэр бүлд өсөж торнисон нь надад нөлөөлсөн байх. Нас ахих тусам аав, ээжийн, хөгшин буурлуудын хэлж байсан үг, хүмүүжүүлж байсан үйл нь үргэлж бодогдож санагддаг. Өвөө эмээгийн маань “Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг юм” гэдэг үгийг би насан туршдаа санаж, бодож, мэрийж явдаг. Уулыг доороос нь мацсаар байгаад оргилд нь гардаг гэдэгтэй агаар нэгэн адил.
Эрхзүйч, хуульч хүн категориор сэтгэдэг
-Таны хувьд эрхзүйч мэргэжилтэй. Яг одоо Монголын нийгэмд эрхзүйн систем ямар байна вэ?
-Орчин үед хуулийн зүйл заалт биш, суурь зарчмуудыг нь мэддэг байх ёстой. Тэр нь ямар ч хууль уншаад өгүүлбэрээрээ байдаггүй. Үүнийг ойлгодог хүн бол тухайн салбарын мэргэжлийн хүн гэж ойлгогдоно. Эрх зүйч, хуульч хүн категориор сэтгэдэг. Би боддог юм. 1990-ээд онд нийгэм өөрчлөгдөөд, ардчилсан хувьсгал гараад, шинэ нийгэм байгуулна гэж байхад манлайллыг зөвхөн эдийн засагчид авсан нь маш том алдаа болсон. Яагаад гэвэл эрхзүй, соёл гэдэг юмыг бүрэн орхигдуулсан. Гэтэл ямарваа эдийн засгийн харилцаа нэгдүгээрт эрхзүй дээр суурилж байдаг. Тэр харилцааг зохицуулдаг. Ямар ч маргаан хамгийн эцэст шүүх дээр очиж таслагддаг. Гэтэл тэр шүүгчид нь орчин үеийн эдийн засгийн ойлголт байхгүй. Орчин үеийн эрхзүйн мэдлэг боловсролгүй хүмүүс ямар ч эдийн засгийн хөгжлийг гацааж болдог юм байна гэдгийг өнөөдөр манай байгаа байдал илэрхийлж байна. Манай эрхзүйн систем хэтэрхий хоцрогдсон. Эдийн засгаа гүйцэхгүй байна.
Шүүх бүх талаараа хараат бус байх ёстой. Шүүхийн тухай хуулийг баталлаа гээд өмнө нь томилогдсон шүүгчдийг бүгдийг нь болиулаад, тухайн үеийн ерөнхийлөгч нь өмнөх ерөнхийлөгчдийн томилсон шүүгчдийг бүгдийг нь буулгаад, дахин томилж, шийтгэл оногдуулж, өөртөө үнэнч байсан шүүгчийг томилох явдал шүүхийн системийг бүхэлд нь самарсан. Манай дээд шүүх, үндсэн хуулийн цэц мэргэжлийн ноён оргил байхаа больсон. Улс төрчдийн даалгавраар хөдөлж байдаг. (уучлаарай)
Эрхзүйн салбарыг өөрчлөхөд хийх зүйл маш их байна
-Таны байдлаар энэ байдлыг тэгвэл хэрхэн яаж өөрчлөх боломжтой вэ?
-Бид нарын шүтэж явдаг эрдэмтэн багш нар тэнд оюунаа уралдуулж явах ёстой. Өнөөгийн манай нийгмийн амьдралыг хачин болгож байгаа шүүхийн тогтолцоог өөрчилж, эрүүлжүүлэхгүй бол болохгүй. Эрхзүйн салбарыг өөрчлөхөд хийх зүйл маш их байна. Бид нарыг хүрээлсэн болохгүй зүйлүүд асар их байгаа. Тэрийг сохор хүн л харахгүй байгаа байх. Бүгдийг нь шүүмжилдэг. Гэхдээ тэрний цаад нарийн учир шалтгаан нь юу вэ гэдгийг хэн ч олигтой ухахгүй байна. Манай улс төрийн намууд бүхэл бүтэн 30 жилийн туршид онолын ганц ч ном гаргасангүй.
-Та Монгол улсыг хөгжүүлэх сайн санаагаа олсон гэж би харж байна. Үүнийг тодруулна уу?
-Одоо байгаа загварын юу нь болохгүй байна вэ? гэдэгт судалгаа хийсэн юм.
Уурхай нь юунд байна вэ гэхээр неолиберализмын онолд бүх учир шалтгаан нь байгаа юм байна. Товч утга нь юу вэ гэхээр хүн өөрийнхөө хувийг хичээх ёстой. Зах зээлийн үл үзэгдэгч гар аяндаа бүгдийг жигдрүүлээд, цэгцлээд гоё болгоно гэсэн маш энгийн үгээр тайлбарлах онол юм. Гэхдээ энэ онол бодит амьдрал дээр хэрэгжихдээ маш харгис мөн чанартай гэдэг нь харагдаж байна. Энэ зөвхөн Монгол биш дэлхий даяараа неолиберализмын хямрал тулгарч байна.
Ард түмний оршихуйн дээд эрэмбэ нь үндэстэн байдаг. Дордоод доройтоод явахаараа хүн ам болоод задарчихдаг. Бид нар өнөөдөр хүн амын түвшинд байна. Энэ онолын аюул нь ард түмнийг задалдаг. Яагаад энэ задрал явагддаг вэ гэхээр бас нэг том шалтгаан нь сэхээтнийг нь байхгүй болгочихдог. Тэр сэхээтнүүд чинь хоорондоо хэлэлцэж ойлголцож байж үндэсний санаа гэдэг зүйл төрдөг. Үндэсний санаа байж үндэстэн гэдэг ойлголт бий болдог.
Бид үндэстний түүхэн үүргээ мэддэг байх чухал
-“Үндэсний санаа” гэдгийг та энгийнээр тайлбарлана уу?
-Үндэсний санаа гэдэг нь юу вэ гэхээр бид нарын үндэстний түүхэн үүрэг юу байсан бэ, өнөөдөр орших утга учир нь юу вэ, ирээдүйн дуудлага нь юу юм бэ гэсэн энэ гурван асуултыг хариулсан маш том онолын “ойлголт төсөөлөл”.
Энэ нарийн процессууд Монголд байхгүй болоод, хүн болгон хувиа хичээгээд, боловсролтой хэд нь улныхан ч гэнэ үү, оркууд ч гэнэ үү? Би мундаг сэхээтэн, тайж язгууртан гаралтай. Миний аав сайд байсан. Би өөрөө одоо сайд болох ёстой гэдэг ийм өчүүхэн бодолтой хувиа хичээсэн хүмүүсийн цуглуулга хэзээ ч агуу эдийн засгийг, гэрэлт ирээдүйг байгуулж чадахгүй. Тухайн хүн амын нэгээс таван хувь л сэхээтэн байдаг.
-Тэгэхээр Монгол улсад таны бодлоор сэхээтэн байхгүй гэсэн үг үү?
-Монголд бол сэхээтэн нь байхгүй. Боловсролтой хүмүүсийг нь аваад үзэхэд тэр нь ч хүн амынхаа нэг хувиас бага байдаг. Үүнд хүмүүс дургүйцэх болов уу.
Гэхдээ Дипломтой болгоныг боловсролтой гэж үзэхгүй. Өчүүхэн хулгайгаар амьдралаа болгож байгаа хүн, их хулгай үйлдэж байгаа хүнийг жигшиж байгаа нь тэр хүнд атаархаж байгаа хоёр хулгайчийн явдал болохоос тэр хулгай хийсэнд нь жигшээгүй. “Муу дээрээ муухай” гэдэг шиг бид нарын эргэн тойрон юунаас болж муухай байгаад байна? Бид өөрсдөө нэгдүгээрт аз жаргалгүй. Тэрэндээ цухалдаад нэг нэгнийхээ амьдралыг аз жаргалгүй болгоод байгаа гэж би хувьдаа боддог. Жишээ нь Америкийг мундаг гээд байдаг, Монголыг муухай гэдэг. Монголчуудыг гурван сая биш гурван зуун сая болгоод Америк руу шилжүүлчихье. Америкчуудын 300 саяыг гурван сая болгоод Монгол улсад аваад ирье. Тэр хүмүүс Монголд маш гоё амьдраад л эхэлнэ.
Монголчууд бид асар богино хугацаанд хөгжиж чадна
-Танаас нэг зүйлийг тодруулж асуумаар бодогдож сууна. Хөгжиж буй гэдэг тодотголтой тухайн улс бодит амьдрал дээр хөгжиж байна уу?
-Энэ хөгжиж буй гэсэн тодотголтой улсууд хэзээ ч хөгждөггүй юм байна. Нэг тийм өхөөрдөөд байгаа ч юм шиг, доромжлоод байгаа ч юм шиг муухай нэр томьёо. Миний хувьд, бид нар бүхэл бүтэн гучин жил хөгжиж буй гэдэг гутамшигтай нэр томьёотой явж байна. Шилжиж буй эдийн засаг л гэнэ. Яасан ч шилжиж дуусдаггүй юм бэ. Гэтэл хорьдугаар зуунд хөгжиж чадсан, 21-р зуунд цойлсон улс орнуудыг харахаар тэд бүгд 30 жилийн дотор босож ирсэн байдаг.
Манай улс сүүлийн 20 жилийн туршид системийн хямралд ороод, яг яах ёстой нь ойлгомжгүй, болохгүй байна гэдгийг хүн болгон, нүдтэй болгон хараад шүүмжлээд байна. Гэхдээ яг юунаас болоод яагаад болохгүй байгааг нь оношилж чадахгүй ирсэн юм болов уу гэж надад санагддаг. Зөвхөн сайн хүн байгаад хангалтгүй. Онол байвал түүнийг дагаж бүгд хөгждөг.
Ярилцсанд баярлалаа.