Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн түргэн тусламжийн машины парк шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ сарын 20-ны өдөр Польшийн “Столарчик” компанийн үйлдвэрлэсэн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон 20 шинэ автомашиныг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн түргэн тусламжийн 33 машин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай 2, нийт 35 автомашиныг нийлүүлж байна.
Эдгээр машины эхний 20-ийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад хүлээлгэн өгсөн аж.
Түргэн тусламжийн эдгээр машин нь зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон учраас яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд нэн чухал ач холбогдолтой. Мөн европ стандартынх учраас чанар, аюулгүй байдал талаас ямар нэг асуудал гарахгүй гэдгийг үйлдвэрлэгч тал ам бардам хэлж байгаа юм.
Үлдсэн 13 машинтай хамт ирж байгаа пикап загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийхэд ашиглах боломжтой аж.
ФОТО: