Сонгууль болгоны өмнө С.Зоригийн үхлээр улс төр хийдэг. С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд хичнээн ч олон хүнийг хэлмэгдүүлж, хичнээн ч олон удаа улс төр хийж ирэв.
Энэ сонгуулийн өмнө дахиад л энэ хэрэг сөхөгдлөө.
Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж руу чиглүүлчихэв.
Бүх телевизээр цацагдсан“Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн ярилцлагын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: “Аравдугаар сарын 1-ний Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон. Ингээд аравдугаар сарын 2-ны өдөр Эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг. Сүүлд нь С.Зоригагсныг Чимгээ, Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа…. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярихдаа Ц.Элбэгдорж руу хандуулсан нэлээн эвгүй үг чулуудсан.
Ц.Элбэгдорж ч үүний хариу болгож “Монголд алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд хэрэггүй. Шүүхийн шийдвэрийг гуйвуулсан, шүүх засаглалыг орлосон, Үндсэн хуулийг зөрчсөн ажлын хэсэг ч гэж хаана байх вэ. Дөрвийн дөрвөн халуун амийг шатааж алсан, дээр нь Монголын ардчиллын зүрхэнд дүрсэн цуст хутганд улстөр биш хууль үйлчлэх учиртай” гэж дисс хийсэн.
Ийнхүү Ерөнхий сайдын эхлүүлсэн “улс төр”-ийн араас ээлжит нэвтрүүлгүүд цувралаар цацагдаад эхэллээ.
С.Зоригийн хэргийн гол ганц гэрч болох Б.Булган анх удаагаа ам нээв. Өнгөрсөн хугацаанд ганц ч үг ганхийлгээгүй тэрбээртухайн хэрэг болсон өдрийн тухай гэхээс илүүтэй элдэв хов жив инээд алдан ярингаа Ардчилсан намын лидерүүдийг шүүмжлэн буруушаав. Тэрбээр ярилцлага өгөх шалтгаанаа “Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” ярилцлагад орохдоо ажлынхаа тайланг бүрэн тавьсан. Төрийн томчууд хэзээ ч тайлангаа тавьдаггүй. Түүний тайлангаа тавьсан нь надад таалагдсан. Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи яасан их сандарч байх юм. Чи С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг сулласан шүү” гэсэн нь надад таалагдаагүй. Би тэднийг алуурчид биш гэж хэлээд байхад Ц.Элбэгдорж тэгж хэлэх эрхгүй” гэж тайлбарласан.
Херо Баатарын найруулан тавьж буй гэх энэхүү ээлжит нэвтрүүлгийн дараагийн бас нэгэн дугаар тун саяхан цацагдав. Гурван шатны шүүхээс буруутай нь албан ёсоор тогтоогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар болон өмгөөлөгч, ойр дотнын хүмүүс нь камерын өмнө яриа өгч өөрсдийгөө хэлмэгдсэн гэцгээв. Мэдээж буруутай гэгдэж байсан хүмүүс хэргээс мултарч байгаа болохоор өөрсдийгөө өмгөөлжярих л биз. Тэднийг хэн, хаанаас чиглүүлж телевизийн эфиртурьж залав.
УИХ-ын сонгууль яг болохын өмнө тэд “ардын баатар” аятай телевиз болгоноор гарч байна. Бүр хүн амины онц хүнд гэмт хэрэгүйлдэж, гянданд ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатар хуулийн ямар шалгуураар торноосоо гарчихсан айл гэрийн хойморт залрах цэнхэр дэлгэцээр “Ц.Элбэгдорж буруутай” хэмээн ярьж суух юм. Тэр хэдэн жилийн өмнө шахалтаар худлаа ярьсан юм бол одоо үнэн ярьж байна гэдгийг яаж мэдэх вэ. Хүн амины хэрэгтэй, олон жилийн ялтай хүн хэргээс мултарчих санаатай юу ч ярьж суугаа билээ, таашгүй.
С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн гэгдэж байсан хүмүүсийг 2016 онд хууль хүчний байгууллагын шат дараалал бүрээр нарийн шалгаж, гурван шатны шүүхээс гэм буруутай гэдгийг албан ёсоор тогтоосон байдаг. Шүүх байгууллага бол ирсэн баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргасан байж таарна. Гэтэл тэд өнөөдөр алуурчин биш болжээ. Өнгөрсөн 2023 онд Нийслэлийн прокурорын газраас тэдэнд гурван шатны шүүхээс ял оноосныг хэрэгсэхгүй болгосон. Одоо бүр төрөөс нөхөн олговор олгох тухай яригдаад эхэлсэн нь хачирхалтай. Засгийн газар ч шуурхай ажиллаж байгаа бололтой. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонсож байсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх Ажлын хэсэг бүр байгуулчихсан.
Ийнхүү сонгуулийн өмнө С.Зориг агсны хэргийн сэжигтнүүдийг эрх баригч нам “Гэм буруугүй” хэмээн суллачихлаа. Алуурчид гэгдсэн хүмүүс алуурчин биш болж, төрөөс хохирол авах юм гэнэ. Энэ бүхний цаана Монгол Улсынхараат бус шүүх засаглалыг “нулимж”, төрд итгэх итгэлийг алдагдуулж байна. Ц.Амгаланбаатар гэхэд л С.Зоригийн хэргийн аллагад хамжигчаар оролцсоноос гадна таксины жолоочийг мөчилж алсан, Эрдэнэтэд нэг айлын дөрвөн хүнийг шатааж алсан ялтай. Одоо хэрэг нь хэрэгсэхгүй болчихоод нөхөн олговор нэхээд явж байгаа Б.Содномдаржаа нь нэг айлын дөрвөн хүнийг шатаасан хэрэгт хам хэрэгтнээр оролцсон.
Тэд яагаад өмнө нь хэрэг хүлээсэн юм бэ гэдэг асуулт урган гарчирж байна. Хэрэв дарамт шахалтаар хүлээсэн гэж үзлээ гэхэд тэд худал ярьж, мэдүүлсэн нь тодорхой байна. Одоо хэрэгт холбогдолгүй гэж хэлж байгаа нь өмнөх шигээ худлаа ярьж байхыг үгүйсгэх арга алга.
Тэдний ярианы яг алинд нь итгэх вэ. Ийм байхад тэдний үгээр л Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа нь сонгуулийн өмнө ардчиллыг буруутгах гэсэн эрх баригч намын ээлжит найруулсан “жүжиг” гэж иргэдийн хэлээд байгаа хардлага үнэний ортой ч юм шиг. Хэдхэн жилийн өмнө Монголын шүүх, хуулийн өмнө бүх хэргээ хүлээсэн хүмүүс өдгөө гавьяа байгуулчихсан аятай телевизээр өдөр шөнөгүй гардаг болчихлоо. Одоо нэвтрүүлгийн дараагийн анги нь ч захиалагдчихсан, удахгүй гарах биз.
Саяхан цагдаагийн байгууллагаас С.Зориг агсны амь насаа алдсанхэргийн газраас олдсон үсний ДНК шинжилгээний хариу АНУ-аас ирлээ гэж мэдэгдэв. Бүхэл бүтэн 26 жилийн дараа гэнэт шинэ нотлох баримт ДНК шинжилгээг хэн хаанаас гаргаад ирэв. 2000 оны сонгуулийн үйл явцыг санаж байгаа бол “АН засаг баривал С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй” гэсээр МАН өндөр хувийн ялалт байгуулсан. Түүнээс хойш МАН тасралтгүй засагласан. Асуудлыг шийдээгүй.
МАН сүүлийн найман жил засагласны дараа нийт ард иргэд туснамд итгэл хүлээлгэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт дуулиан, сенсацийн шинжтэй олны анхаарлын төвд байдаг хэргүүдийг сэргээн гаргаж ирсний нэг нь С.Зоригийн хэрэг гэх хардлагыг олон нийт өгч байгаа. Нээрээ л үнэхээр асуудал байсан бол яагаад хав дарж байгаад яг сонгуулийн өмнө гаргаж ирэв.
Энэ мэт байдлыг ажихад сонгуулийн өмнөх улс төр хийж байгаань тодорхой. Харамсалтай нь энэ бүхний ард Монгол Улсын хараат бус шүүх засаглал гол золиос болж байна. Хэн дуртай нь сонгуулийн өмнө шоу болгож, шүүхийн шийдсэн хэргийг ингэж нулимж болохгүй юм. Шүүх засаглал, төрд итгэх итгэлийг сулруулах нь эргээд нийгэмдээ маш аюултай. Наад зах нь шударга ёс алдагдаж эхэлдэг.
Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн сонгуулийн өмнөх “улс төр” Монгол Улсын дархлаа болох шүүх засаглалыг сулруулах, аливаа хэргийг цэргийн шүүх, хээрийн шүүх байдлаар олны өмнө шууд яллах мэт шүүж байгаа нь монголчуудыг дотор нь хагалган бутаргах, Үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэдэхээр байна.