“Өсөхөөс сурсан хүмүүжил, төлөвшил хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг”. Иймээс хүнд ээж, ааваас олгосон хүмүүжил төлөвшлийн боловсрол гэдэг үнэ цэнтэй зүйл. 20 орчим жил хууль зүйн салбарт ажиллаж яваа өдгөө Өмгөөллийн “Мон Легал сервис” ХНН-ийн Захирал Н.Цэвээнийг Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа зочноор урилаа.
Түүний хувьд өмгөөллийн товчооноос эхлээд Нийслэлийн цагдаагийн газар, ШШГЕГазар, Нийслэлийн агентлагийн орлогч дарга зэрэг төрийн байгууллагуудад тус мэргэжлээрээ ажиллаж явсан туршлагатай хууль зүйн салбарын тод төлөөлөл юм.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Нямаагийн Цэвээн гэдэг. Увс аймгийн харьяат. Увс аймагт төрж өссөн.
Би Увс аймгийн Улаангом хотод ЕБС-ийн хоёрдугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хуульч мэргэжлээр суралцаж төгссөн.
Дөрвөн өвөө, эмээгийнхээ гар дээр хүүхэд насны амьдралаа өнгөрүүлсэн. Хүүхэд байхдаа хурдан морь унах мөн спортоор хичээллэх буюу дугуй унах дуртай байлаа.
Аав, ээж хоёр маань нутаг усандаа нэг насны амьдралаа зориулж, ажил хөдөлмөр эрхэлж ирсэн хүмүүс байгаа. Миний аавыг Нямаа гэдэг. Миний аавыг Увс нутгийн зон олон маань “Нисэхийн Нямаа” гэдэг нэрээр нь бүгд таньж мэддэг. Ээж маань Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасагт насаараа ажилласан, ахлах сувилагч хийж байсан Д.Оюунцэцэг гэж хүн байгаа. Одоогоор гавьяаныхаа амралтанд байгаа. Аав, ээж хоёр маань нутаг усандаа нэр хүндтэй, ах дүү, амраг садан дундаа хүндлэлтэй ийм хүмүүс байдаг.
“Хүнд тусална гэдэг энэ насны хүн болж төрсний
утга учир, зорилго юм”
-Аавын тань хувьд нутаг усандаа нисэхийн салбарт анхны шанг таталцсан эрхэм гэж сонссон. Онцгой чухал салбарт ажиллаж хөдөлмөрлөж явсан нь танд том үлгэр дуурайлал болсон байх?
-Тэгэлгүй яахав. Аав, ээж маань маш их хөдөлмөрч улс. Тэр дундаа аавыг маань Увс аймгийн хүн бүхэн андахгүй байдаг бас их хүндэлдэг. Үүнээс гадна Увс аймгийн уул ус нь хүртэл аавыг маань бараг андахгүй дээ. (инээв) Манай нутаг чинь уул, усны диваажин шүү дээ.
Аав, ээж хоёр маань надад нэг зүйлийг өсөхөөс эхлээд их захиж ирсэн. “Хүнд тус дэм болж л яваарай, хүнд тусалж яваарай “. Хүнд тусалнаа гэдэг чинь нэг насны хүн болж төрсний утга учир, зорилго гэж захьдаг байлаа. Тэгэхээр миний мэргэжил хүнд туслах, үүний төлөө хүний эрх, эрх чөлөө, “шударга, ёс тэгш байдал”-ыг хангахын төлөө хамгаалж ажилладаг мэргэжил.
Иймээс одоо эцэг, эх хоёрын захиас маань энэ миний ажил мэргэжилтэй салшгүй холбогдож байгаа гэж би дотроо боддог юм.
Хуульч хүн нийгмийг эрүүлжүүлдэг
-Хуульч хүн өөрөө маш их мэдрэмжтэй, нийгмийн хувьсан өөрчлөлтийг тун мэдэрч олж хардаг байх ёстой?
-Хуульч мэргэжлийн онцлог бол эмч мэргэжлийн онцлогтой адил. Нийгмээ эрүүлжүүлэхийн төлөө хүний эрх, эрх чөлөөг хангах, тэгш байдлыг хангахын төлөө тангараг өргөсөн. Бид алхам тутамдаа суралцаж байдаг. Хүний амьдралд суралцах хязгаар үгүй гэж боддог.
-Улс эх орныхоо хөгжлийн гол хөшүүргийг та хэрхэн яаж хардаг вэ?
-Одоо Казахстан ч юмуу, Араб ч юмуу ганцхан байгалийн баялагтай улс орон яаж хөгжиж байна. Тэгэхэд бид нар яг миний хэлдгээр есөн эрдэнийн орон шүү дээ. Монголд одоо байхгүй юм алга. Бид нар одоо хатуу хэлэх юм бол баялаг дээр суусан гуйлгачид болчихоод байна шүү дээ. Уул уурхайн салбар бол улс орны гол цөм зүрх нь болдог гэж би тодорхойлж хэлмээр байна.
Энэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлдэг. Иймээс бид эх орны хөгжлийн гол тулгуур болсон уул уурхайн салбараа хөгжил цэцэглэлт болоод олон нийтийн эрх ашигт зохицуулан маш зөв чиг шугамтай залж жолоодох нь юу юунаас чухал болоод байна.
“Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл”
-Таны баримталдаг зарчим, алсын зорилго юу вэ?
-Боловсрол бол хүнд тийм их чухал биш. Дээд мэргэжил эзэмших, тэр гадаад дотоодод сурахаас илүү хувь хүний хүмүүжил маш чухал гэж бодож явдаг.
Өсөхөөс сурсан боловсрол бол бакалвар, доктороос илүү “Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” энэ миний баримталдаг гол зарчим юм.
Нийгэм маань ерөнхийдөө хоёр системд хуваагдаад байна. Тэгэхээр эрх баригчдын хэлдгээр улны гэх тодотголтой ядуу бүлэг, улс төрийн гэх тодотголтой чинээлэг давхарга. Ийм хоёр давхаргад бид хуваагдаад буй нь одоогийн нийгмийн бодит дүр зураг байна. Тэгвэл хөгжилтэй улс оронд дундаж давхарга нь илүү чинээлэг байж, тухайн улсын хөгжил яригддаг.
Залуучууд нийгмийн сонголтонд маш хойрго хандаж хойшоо сууж байна. Тэгэхээр бид нар үүн дээр л засах ёстой. Залуучуудын маань гарт Монгол улсын одоо ба ирээдүй байна.
Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна
-Та Монголын нийгмийн ирээдүйн өнгийг хэрхэн тодорхойлдог вэ?
-Бидний ирээдүй бол гэрэлтэй байна гэж би хардаг. Тэгэхээр аливаа зүйл цаг хугацаатай байдаг. Нөгөө нэг ийм үг байдаг шүү дээ. Үнэн үдээсээ үдээд сууж байхад худал гүвээ давж явдаг гэж. Гэхдээ хэдий худал хурдтай ч гэсэн үнэнд гүйцэгддэг цаг хугацааны эрхээр. Тэгэхээр бидний амьдрал, энэ Монгол улсын ирээдүй бол гэрэлтэй харагдаж байна гэж би бодож байгаа.
Ирээдүй маань гэрэлтэй харагдаж байна. Залуучууд маань илүү хүчтэй, боловсролтой болсон байна. Дэлхийн хэмжээнд боловсролтой, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, чадалтай чадвартай болсон байна. Бид ашигт малтмалаа зөв зохистой ашиглаад, стратегийн орд газруудаа бодлогын түвшинд зөв гольдролд нь оруулаад зөв хөтлөөд явах юм бол бидний ирээдүй маш сайхан харагдаж байгаа.
Ур чадвартай, мэргэжил, боловсролтой залуучуудаа
эх орондоо л авч үлдэхсэн
-Аливаа улс эх оронд үндэсний эрх ашиг гэж маш чухал байдаг. Иймээс ч үндэсний гэсэн бүхнээ бид хамгаалж авч үлдэх ёстой юм болов уу?
-Яг тийм. Үндэснийхээ эрх ашгийг буюу монголынхоо эрх ашгийг магнайд нь тэргүүнд нь бид тавих ёстой. Дараагаар нь бол ард олон нийтийн эрх ашиг гэж байна. Үүний дараагаар нам, улс төр, хувь хүний эрх ашиг байх ёстой гэж би хардаг.
Халамжийн бодлогоос илүү энэ үйлдвэрлэлийн ажлын байрыг нэмэгдүүлэх чухал. Монгол залуучууд бүгд Солонгос, Австрали руу амьдралын боломж хайгаад, тэнд боломж байгаа учраас энэ урсгал яваад байгаа. Монголдоо тэр хүмүүсийг илүү мөнгөтэй, чинээлэг боломжтой амьдруулахын тулд төр бодлогоор юу анхаарах вэ гэхээр үйлдвэр, үйлдвэржилтийг дэмжих нь чухал. Цаашдаа халамжийн системээр мөнгө тараах биш, тухайн салбарт ажлын байрыг нэмэгдүүлж, үйлдвэр, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дээрээс нь цалин хөлсийг өндөр хангалттай байлгаж байж тэр залуучуудынхаа урсгалыг саармагжуулах хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол Монголд үлдэх хүн байхгүй боллоо. Залуучууд маань аль болох л боломж байвал гадагшаа гараад ажиллахын төлөө ийм бодолтой болчихсон байна. Үүнийг л өөрчилж бид ур чадвартай, ид хийж бүтээх насны тэр сайхан ажил мэргэжил, боловсролтой залуучуудаа эх орондоо л авч үлдмээр байна.