Хязгааргүй мөрөөдөж, чин сэтгэлээсээ хүсээрэй. Тэгвэл бодолд хязгаар байхаас боломжид хязгаар гэж байдаггүй гэдгийг ажил мэргэжлээрээ бодитоор үзүүл яваа Монголыг дэлхийн гурван тив, 16 оронтой “холбон тоглогч” Отгоны Мөнхзаяатай ярилцлаа. Түүнийг ингэж тодорхойлж хэлсний учир нь тэрээр АНУ-ын Гранд Серкл Корпорацийн Ази, Номхон далайн бүсийн бизнесийн захирлын албыг хашдаг. Бизнесийн удирдлага болон төслийн менежментээр 23 дахь жилдээ мэргэшин ажиллаж байгаа эрхзүйч, хууль зүйн ухааны магистр юм.
-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Отгоны Мөнхзаяа гэдэг. Дорнын говьд буюу Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Өмнийн сайхан говьдоо эмээ өвөө, ээж дээрээ өсөж, бага насаа тэнд өнгөрүүлсэн. Малчин удмын хүн гэдгээрээ би үргэлж бахархаж билэгшээж явдаг. Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар 10 жилийг 1997 онд төгссөн. Үүний дараа Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи, орос хэлний багш мэргэжлээр төгсөөд гадаад хэлний боловсрол эзэмшсэн байсан учраас эхний ажлын гараа маань дандаа Олон улсын байгууллагуудаас эхэлсэн байдаг. Ингэхдээ 2003 оноос ОУ-ын “Өлсгөлөнгийн эсрэг хөдөлгөөн” гэдэг нэртэй Францын хүмүүнлэгийн байгууллагад хөтөлбөрийн ажилтнаар ажиллаж байлаа. Тэнд олон жил судалгааны ажил хийж байгаад дараа нь Мерси Кор Монгол гээд байгууллагад 7-8 жил ажиллаад энэ үедээ Монгол улсынхаа 21 аймагт хүрч ажилласан. Манай байгууллагын “Иргэний нийгмийн хэлтэс” гэж байдаг. Үүний хүрээнд маш олон аймгуудад хүрч иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, ер нь тэр дундаа Монгол улсын болоод үндэсний хэмжээнд иргэдийн шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолойг нэмэгдүүлэх чиглэлд зургаан төсөл дээр ажилласан байдаг.
Хүн өөрөө хичээвэл дэлхийн цалин дэргэд байдгийг
бодитоор харуулж явна
-Таны ажиллаж, хэрэгжүүлж ирсэн төслүүд голдуу л говийн бүсүүдэд хүрчээ. Энэ туршлагаас үүдээд бодит ажил болсон зүйлүүд байна уу?
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөнөөсөө хойш үндсэндээ 13 жил Монгол улсынхаа хөдөө орон нутаг, үндэсний түвшний хэмжээнд Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ хүрээнд гол хийсэн хамтарч ажилласан зүйлүүд гэвэл шийдвэр гаргах түвшинд иргэд оролцох ёстой юм байна. Иргэдийн дуу хоолойг яаж шийдвэр гаргах түвшинд оруулах вэ гэдэг дээр иргэний нийгмийн байгууллагууд чадавхтай байх юм бол боломжтой гэдгийг харуулсан. Тодруулбал манай Мерси Кор Монгол байгууллагын хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд анх төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгоё. Хувийн хэвшил, төр, иргэний нийгэм гээд ийм гурван талт түншлэлээр хөгжүүлье гэж зориод Өмнөговь, Дундговь, Өвөрхангай гэсэн аймгуудын маш сайн туршлагууд байгаа. Энэ туршлага дээр үндэслээд Сангийн яам жишээлбэл төрийн худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй байлгах чиглэлээр бодлогын баримт бичгийг гаргаад явж байсан байдаг.
Монголын говиос өөдөө тэмүүлсэн мөрөөдөл
дэлхийн тавцанд гарав
-Өдөр тутамдаа гурван тивийн 10 гаруй оронтой харилцаж ажилладаг гэхээр таны ажил, амьдрал хэрхэн өрнөдөг вэ гэдэг нь сонирхол маш ихээр татаж байна. Монголын говиос эхлэлтэй мөрөөдлөө дэлхийн тавцанд биелүүлж чаджээ?
-Иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж байхдаа өөрөө англи хэлээ хөгжүүлэх, олон хүмүүсийн соёлоос суралцах зорилготой байсан учраас би зун болгон жуулчны хөтөчөөр ажилладаг байлаа. Тэгэж явж байгаад энэ Гранд серкл компанийнхаа Монголд ирсэн жуулчдын хөтөчөөр ажиллаж байсан учраас энэ компанитай холбогдсон. Ингээд ажлын санал аваад эх орноосоо ажлынхаа гарааг эхлээд одоо 11 дэх жилдээ энэ компанидаа ажиллаж байна.
Энэ компанийнхаа монголын оффисоос эхлээд Зүүн Өмнөд Ази, Хойд Азийн бүс, дараа нь Ази Номхон далай, Африкийн бүс гээд манай байгууллагын удирдах төв нь АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод байдаг. Одоо би Бостон хотынхоо оффисст хамааралтай. Ази, Номхон далайг хариуцсан бизнесийн захирлаар ажиллаж байна. Азийн 14 орон, Австрали, Шинэ Зеланд зрэг нийтдээ 16 орныг хамран аялал жуулчлалын бүтээгдэхүүн боловсруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хөдөлмөрийн харилцааны хууль эрхзүйн асуудлыг зохицуулах, байгууллагын соёлыг бэхжүүлэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах чиглэлд орон орны багт зөвлөн ажилладаг. Гранд серкл компани маань дэлхийн 105 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. 50-аас дээш насны Хойд Америкийн иргэдийг Олон улсын боловсролд чиглэсэн, хүний амьдралын чанарыг өөрчлөх, харах өнцгөө өөрчлөх, дэлхий даяар улс үндэстэн болгон өөрийн гэсэн соёлтой. Тэр хүмүүсийн соёлоос суралцаж, магадгүй Монголд ирэхдээ бодож байсан бодол нь өөр түвшинд өөрчлөгдөөд явах гэдэг ч юмуу. Энэ нь тайлбарлаад хэлвэл яг одоо амьдрал дунд орж аялуулах гэсэн зорилготой байдгаараа манай компанийн үйл ажиллагаа хүмүүстээ их хүрдэг.
-Байгууллагын соёл гэдэг тухайн байгууллагын маш том үнэт зүйл. Таны хувьд энэ чиглэлээр бас сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг. Энэ тухайгаа сонирхуулна уу?
-Байгууллагын соёл маш чухал. Байгууллагын алсын хараа хэрхэн яаж, юуны төлөө зорьж чиглэгдэж байна вэ гэдэг нь маш том төлөвлөгөө болж өгдөг. Байгууллагыг амжилтанд хүргэдэг, үндэстэн дамнасан, дэлхийн бүх тивд үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог юм байна гэдгийг олж мэдсэн. Энэ хүрээндээ 2020 оноос хойш Монголынхоо бизнес эрхлэгч нарт боломжоороо зөвлөгөө, сургалтууд өгч байна. Жижиг байгууллагуудаа дадлагажуулж байна.
Ер нь хаана хэлэх, хуваалцах боломж байна. Тэр болгонд идэвхтэй оролцоотой явж байдаг.
-Жорж Вашингтоны их сургуульд хүний эрхийн чиглэлээр мастер хамгаалсан гэхээр хүний эрхийн чиглэлээр мэргэшиж ажилласан байх нь?
-Олон оронд ажилладаг хүн чинь нэг сарын талд нь гэртээ байгаад, талд нь хаа нэг оронд явж байдаг. Ковидын үеэр яг гэртээ суугаад, миний зорилго юу билээ, ирээдүйдээ яах гэж байгаа вэ, эсвэл нөгөө мөрөөдөл маань хаана явж байдаг билээ гээд тийм их завгүй довтолгож явж байгаад бодсон. Би чинь эрхзүйч мэргэжилтэй. Анх би мэргэжлээ сонгож байхдаа хуульч болно гэж боддог байсан. Тухайн үед гадаад хэлээр сонгон суралцдаг хүүхдүүд их байсан. Мөн ах эгч нарынхаа зөвлөгөөг сонсоод гадаад хэлний мэргэжил сонгоод авчихсан. Тэгэхдээ хуульч болно гэсэн хүсэл зорилго маань надаас хэзээ ч холдож явж байгаагүй. Тэгээд 2017 онд Шихихутаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээрээ төгссөн. Гэхдээ өмнө нь дандаа иргэний нийгмийн байгууллагуудад “Сайн засаглалыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” чиглэлээр ажиллаж байсан болохоор эрхзүйч, хуульч мэргэжилтэй хүн биш боловч дандаа тэр чиглэлийн ажлыг гүйцэтгэхдээ практик дээр ажилладаг учраас суурь нь их сайн бүрдсэн байлаа. Ингээд эрхзүйч болсныхоо дараа энэ ажлаа хийж явж байгаад 2021 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хуулийн сургуульд хүний эрхийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн.
Сурч мэдсэн зүйлээ эх орондоо л зарцуулахаар шийдвэрлэсэн
-Таны хувьд зорьсон л бол заавал ард нь гүйцэтгэл сайтай гардаг тууштай, зарчимтай хүн болов уу?
-Миний амьдралын зарчим байна. Би бол өөрөө залуу хүн. “Залуу хүний замын хүзүү урт”. Амьдралд юу ч тохиолдож болно. Бид нар жишээ нь ажлаас гарахдаа хаалгыг нь савчихаад гараад явж болохгүй. Та хэзээ ч тэр хаалгаар буцаад ороод ирэх магадлалтай.
Монгол улсад маань хүний эрхийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Тэгэхээр Олон улсад ер нь практик байдал ямар байгаа юм. Манайд юу дутагдаж байгаа юм гэдгийг харьцуулж сурахын тулд заавал хөгжсөн газар нь очиж сурах ёстой гэж бодсон нь зөв сонголт болсон. Одоо бол Монгол улсдаа илүү их анхаарч ажиллая. Дэлхийгээр зөндөө явлаа. Үнэхээр сурч мэдсэн зүйл байдаг бол эх орондоо л зарцуулах ёстой байх гэж бодоод ирчихсэн байгаа.
Яг одоо сумандаа, багтаа амьдарч байгаа хүмүүст бид нар яаж шийдвэр гаргах түвшинд оролцох юм. Тэгээд өөрөө эзэмшсэн эрхзүйч, энэ хууль зүйн ухааны магистр гээд байгаа академик мэдлэгтэйгээ холбоод нөгөө талдаа дэлхийн аялал жуулчлалын салбарт 140 гаруй жил ажилласан хоёр ийм “Хос морьтой” хүн гэдэг шиг л би өөрийгөө хардаг.
-Та нийгэмдээ эерэгээр үлгэрлэх “Амьдрал үзэсгэлэнтэй” номоо бичсэн. Мөн Нью Йорк Таймсын шилдэг зохиолч Колин Хүүверийн зохиолыг орчуулсан нь олон бүсгүйчүүдэд амьдралыг өөрөөр харах цонхыг нээж өгсөн болов уу?
-Өөрийн зүгээс нийгэмдээ жижигхэн хувь нэмрээ оруулая гээд одоогоор хоёр номтой болсон байгаа. “Амьдрал үзэсгэлэнтэй” гээд миний өөрийн намтар зохиол бий. Тэр номоо би өөрийнхөө ээждээ зориулан, ээжийнхээ дурсгалд зориулж бичсэн.
Мөн зохиолч Колин Хүүвер гээд алдартай зохиолчийн өөрийнх нь ээжийн амьдралаас сэдэвлэж бичсэн хамгийн алдартай ном нь. Энэ номыг гэр бүлийн хүчирхийлэлд байгаа эмэгтэйчүүдэд зориулж орчуулсан. Одоо ч энэ ном шилдэг номын жагсаалтын дээгүүрт бичигдсэн хэвээрээ байна.
“Ээж, аавынхаа мөрөөдлийг асууж, биелүүлж өгөөрэй”
-Та ээжээсээ алсын хараатай, аливаа зүйлд дайчин, шаргуу байх гээд олон сайхан зан чанарыг суралцсан нь харагдаж байна? Мөн өөрийгөө хөгжүүлэх, сурч суралцахад таны хань том түшиг болж ирсэн байх?
-Би 15 нас хүртлээ айлын ганц охин байсан. Эрх хүүхэд байлаа. Тэгээрэй, ингээрэй гэхээр нь чадахгүй, мэдэхгүй гээд сууж байвал ээж өөдөөс миний хүү чадахгүй бол өөр хэн чадах вэ гээд л их эвтэйхэн асуудаг. Тэгэхээр нь нээрээ чадах ёстой юм болов уу гээд л гүрийдэг. Намайг нэг юманд бууж өгөх гээд байж байхад ээж дандаа хажуунаас тэгэж хэлдэг хүн байсан. Тэр нь намайг энэ амьдралд бие даасан, хатуу хэцүү бэрхшээлийг давж гарахад сургасан. Хүүхдээ хүмүүжүүлдэг арга барил нь хүний амьдралд насан туршид нь дагаж явдаг юм байна. Би чинь одоо тэр зарчмаар л үр хүүхдээ хүмүүжүүлж байна.
Миний гэр бүлийн хүнийг Соёлын Амгаланбаатар гэдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, спортын дасгалжуулагч мэргэжилтэй. Бид хоёр хүүтэй. Хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүсэл мөрөөдлийг нь дэмжинэ гэдэг хамгийн дээд ухаан, бас чадвар юм. Хань минь ийм л ухаантай, алсын хараатай хүн.
-Нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллагаараа дамжуулан олон үйлcийг хийж бүтээсэн байх?
-Миний ажилладаг компани дэргэдээ “Гранд серкл” гээд сантай. Дэлхийн 105 оронд ажилладаг гээд байгаа боловч яг үндэс суурь нь ганцхан гэр бүлээс л гаралтай. Энэ компани 1992 оноос хойш 60 гаруй оронд боловсролын салбар, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, усны асуудлыг шийдэх мөн соёлын өвийг хамгаалах зэрэг маш олон чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж аялуулдаг жуулчдаасаа хандив босгоод одоогоор гэхэд 250 сая долларын төслийг хэрэгжүүлчихсэн байгаа юм. Монголд бол 2013 оноос хойш манай баг хамт олон 400 сая гаруй төгрөгийн төслийг хэрэгжүүлсэн байна.
Ярилцсанд баярлалаа.