Үндэсний үзэл гэдэг нь “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэгтэй агаар нэгэн адил. Иймээс “Монгол хүн бүр эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, бага ч болов үүнийхээ төлөө хүн чанартай зөв бодол тээж явдаг байгаасай” хэмээн өгүүлэх эрхэм, Монголын Үндэсний Ардчилсан намын Удирдах Зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Амарсайхантай ярилцлаа.
–Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхлүүлье?
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”
-Би нийслэлийн тэр дундаа Хан-Уул дүүргийн унаган хүүхэд. Миний бага нас хуучнаар бол ажилчны район, одоогийн Хан-Уул дүүрэгт өнгөрсөн. Хосе Мартын нэрэмжит 52-р сургуулийг 1979-1989 оны хооронд сурч төгссөн. Энэ орчинд хүүхдүүд яаж өссөн яг тэр үеийнхэнтэйгээ л зэрэгцээд л. Суралцаж төгссөн сургуулийн маань хажуу талын 31-р байранд манайх байлаа. Бүгдээрээ л энэ сургууль дээрээ л эргэн тойронд нь тоглоцгооно. Хөгжмийн боловсролыг энд л олж авсан. Галмандах гээд мундаг багштай байлаа бид нар. Бид багшаараа их бахархдаг байлаа. Манай дуу хөгжмийн багш хүүхдийн дуу зохиодог байснаараа олны дунд алдартай. Багшийнхаа зохиосон дуунуудыг хичээл дээр сураад дуулдаг байсан. Би багадаа гэртээ их загас тэжээдэг байлаа. Хамгийн их загас тэжээдэг байсан нь би. Тэр үед загасны хоол гэж их ховор. Миний төрж өссөн газар хавиар буюу богдын музейг тойроод дандаа нуур шалбааг байдаг. Эндээс ирээд марлаар шүүлтүүр шиг юм хийчхээд, амьд хоол шүүнэ. Тэр шүүсэн юмнуудаа шил саванд хийгээд, гэртээ аваачаад загасаа хооллодог байлаа. Хүүхэд бага насны дурсамжууд эргээд бодоход үнэхээр сайхан.
-Хүний түшиг тулгуур, зөв цагт нь багана болж чаддаг хүмүүс бол аав, ээж байдаг. Та аав, ээжийгээ танилцуулна уу?
-Аавыг маань Хосбаяр гэдэг. Ээжийг маань Ариунбилэг гэдэг. Хоёулаа Москвагийн их сургуулийг төгссөн. Тэндээ эрдмийн докторын зэрэг хамгаалсан. Хоёр шинжлэх ухаанч, эрдэмтэн хүний гэр бүлд төрж, өссөндөө би маш их бахархдаг. Аав, ээж хоёр маань насаараа л геологийн ухааны салбарт ажилласан. Энэ салбарт олон бүтээл туурвисан, мэргэжлээрээ маш олон жил тууштай ажилласан бахархам хүмүүс байдаг.
“Аав, ээжээрээ үргэлж бахархаж явдаг”
-Таны хувьд хариуцлага өндөртэй албан тушаалыг хашсаар иржээ. Ажил бүхэн хүнд туршлага хуримтлуулах боломжийг өгдөг. Энэ тухайгаа сонирхуулна уу?
-Би МУИС-ийн одоогоор бол эдийн засгийн сургуульд сурч боловсорч, тэнд мэргэжилтэн болж төгссөн. Түүнийхээ дараа Японд хөгжлийн эдийн засгийн сургуулийг төгсөж байсан. Мөн улс эх орны бүтээн байгуулалтад нэлээн ажиллаж байгаад Австрит Венын дипломат академийг төгссөн. Ийм сургуулиудыг төгсөж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Мөн МУИС-ийг тухайн үедээ алтан медаль буюу улаан дипломтой төгсөж байсан.
Ажил хөдөлмөрийн гараагаа хуучин төлөвлөгөөний комиссийн суурин дээр бий болоод байсан үндэсний хөгжлийн газраас эхэлж байсан ба энэ нь би бичгийн соёл, албан бичгийн соёл, хүнээс үг даах соёл, хүнд загнуулах гээд бүх юмны зөв суурийг тэндээс тавьсан гэж боддог. Тийм ч учраас одоо би түүгээрээ маш их бахархаж явдаг. Гадаад яаманд ажиллаж байхдаа тэндээс хүсэлтээ явуулаад Австрит Венын дипломат академид сурах боломж олдоод, тийшээ явж сураад. Хүрээд ирэнгүүт их азтай ч гэдэг юм уу тохиолоор надад Бүгд найрамдах социалист Вьетнам улсад элчин сайдаар томилогдсон Цолмон сайд маань надтай хамтарч ажиллаад Вьетнам яваад тэнд ажиллаад ирнэ үү гэсэн санал тавьсан. Эхний томилолт голдоггүй юм. Тэгье гээд уриалгахан хүлээж аваад Цолмон сайдтай цуг гурван жил Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад элчин сайдын яаманд ажилласан. Дараа нь эх орондоо ирээд Санхүү, эдийн засгийн яаманд ажилласан. 2000 оны сонгуулийн дараа тухайн албыг хашиж байлаа. Тэгээд гадаадын зээл тусламж, донор орнуудтай харьцах эдийн засгийн хамтын ажиллагаагаа мэдэх газрын даргаар 28 настай томилогдож байлаа.
-Залуу насандаа маш том нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд томилогджээ. Олон чухал албыг хашиж явахдаа хийж хэрэгжүүлж байсан бодит бүтээлч ажлуудаасаа хуваалцана уу?
“Ажлын шанг таталцаж явсан хамт олон маань үнэхээр чадварлаг баг байсан”
-28-хан настай цэл залуухан надад том даргын албыг хүлээж авна гэдэг нэг талаараа сүрдмээр, нөгөө талаараа илүү хариуцлага даах, ташуур болж өгсөн. Хүн удирдаж байна, шийдвэр гаргаж байна, улс эх орны өмнөөс хэлцэл хийж байна, тэр бүх олон улсын гэрээнүүд их хурлаар батлагдаад, ном журмаар нь явж байлаа. Энэ бүгдийг хийгээд, хийх гээд шийдвэр гаргахад баг хамт олон бүгд тусалсан. Хамт олон бол үнэхээр чадварлаг байсан. Тэд маань өнөөдөр монгол улсад салбар, салбарт үнэхээр чадварлаг лидерүүд болсон байгаад баярлаж явдаг. Сангийн яамнаас би томилолт аваад, тухайн үедээ бид их хурлаар гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийг Монгол улсад баталсан. Тэр хуулинд би нэг зүйлийг оруулж өгсөн. Гадаад улсад байгаа элчин сайдын яамнуудыг эдийн засагжуулъя гээд байнга ярьдаг. Гэтэл хууль эрх зүйн орчин нь байгаагүй. Тэгэхээр зээл тусламжийн тухай хуулийг батлаад, тэрний 12-ийн 10-р заалтад томоохон донор орон, Элчин сайдын яамнууд дахь эдийн засгийн зөвлөхүүдийг салбарын яамнаас нь томилж байя гэдэг ийм өгүүлбэр оруулж хуульд батлуулсан. Энэ хүрээнд би Их Британи, Умард Ирландын хаант улсад эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон. Тэнд очсоны бас нэг гол үүрэг нь юу байсан бэ гэхээр та бүгдийн сайн мэдэх европын сэргээн босголт хөгжлийн банк гэж бий. Манайх тэрэнд бол зүгээр Голландын харьяат статустай анх элсээд орж байсан. Тэгвэл бид Монгол улс зээлжих эрхтэй орон болмоор байна. Тийм хүсэлтээ тавиад Монгол улс зээлжих эрхтэй орон болох хэрэгтэй байна. Тэгвэл манай хувийн хэвшилд зээл олгогдох боломж нь нээгдэх юм байна. Мөн тэр банкны суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх хэрэгтэй байна. Энийг нээснээр манай аж ахуй нэгжүүдэд, хувийн хэвшлүүдэд энэ үүд хаалга бас нээгдэх юм. Энэ нь хөрөнгө оруулалт, банк санхүүгийн бас нэг суваг болно. Тэгвэл ганцхан дотооддоо банк санхүүгийн байгууллагаас эрэлхийлээд байхгүй, гаднын банк санхүүгийн байгууллагаар хөрөнгө оруулалт, төслүүдээ хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Хоёрдугаарт тэдний шаардлагад нийцүүлж манай ажилчид бас цэгцтэй, засаглалтай материалуудаа бэлддэг болно. Улмаар дэлхийн банкнуудын хамтын ажиллагаа, аж ахуй нэгжүүдийн түвшинд хүрнэ. Аль алиных нь соёлыг дагаад бид бас өөрчлөгдөх ёстой гээд. Энэ бүх боломжийг нээж өгөхийн төлөө сэргээн босголт хөгжлийн банкны зээлжих эрхтэй орон болохын төлөө тэнд ажилласан.
-Та төрийн албанд ажиллаж үзлээ. Хувийн хэвшлийн салбарт ирээд ямар өөрчлөлтүүдийг хийж бүтээв?
-Монгол улсынхаа хувийн хэвшилд ажиллаж үзье гэдэг бодол тэндээс эхэлсэн. Банканд ажилласан. Тэндээс Ажнай корпорацын захирал болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Та бүхний ярьж байгаа жижиг Таван толгой, тэр нүүрс экспортлох, ном журмаар нь хийх, дөнгөж эхлээд удаагүй байсан, жигдэрч байсан маш олон хүндрэлүүд байсан. Тээвэр байхгүй, зам байхгүй, яаж зохицуулах энэ бүгдийг туулсан. Энэ бүгдийг хийхэд асар их хөдөлмөр орсон. ДЦС-IV тухайн байгууллагад Санхүү хариуцсан дэд захирлаар ажилласан. Энэ салбарыг маш сайн ойлгосон. Эрчим хүчний салбар маань ямар байдаг юм байна. Ганц гал голомт болсон салбар маань энэ шүү дээ. Станц маань. Дараа нь би сүүлд нь та бүхний сайн мэддэг дархан ажлын цогцолбор гэдэгт сүүлийн 4 5 жилийн зарцуулж ажилласан даа. Тэнд малын гаралтай түүхий эдийг үнэтэй болгоод, монгол улсын экспортод гаргадаг болгох гээд аж үйлдвэрийн парк барих гээд Дарханд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Таны бодлоор үндэсний үзэл үүнийг хэрхэн тодорхойлох вэ?
-Үндэсний үзэл гэдэг бол Монгол хүмүүсийн хэлдгээр “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг нь юм. Тиймээс Монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, тэр нөхцлийг нь бүрдүүлээд өгөх юм бол аз жаргалтайгаар улс эх орны хөгжил дэвшил өөдөө тэмүүлнэ. Монголчууд эрүүл энх, бас жаргалтайгаар эх орондоо ажиллаж амьдардаг байгаасай л гэж бодож явдаг.
Ярилцсанд баярлалаа.