Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/49 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 2.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт (Журмын нэмэлт)-ийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан, дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох болон дараагийн алхмуудыг тодорхойлох зорилгын хүрээнд “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (ҮЭХ)-ны төлөөллөөс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллалаа.
Хамтарсан ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 6-наас 20-ны өдрүүдэд ажиллан, шийдвэрийн суурь шалтгааныг тогтоох үндэслэлийн талаар хамтарсан дүгнэлтээ гаргасан бөгөөд улмаар компани болон нийт ажилтны нөхцөл байдал, ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр дараагийн алхам руугаа 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн шилжин орсон билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хамтарсан ажлын хэсэг нийтдээ 20 удаа хуралдсан бөгөөд сүүлийн хоёр хурал ҮЭХ-ны бүх тэргүүлэгчдийн хамт өргөтгөсөн байдлаар хийгдлээ.
Журмын нэмэлтийг хэрэгжүүлснээр үүсэх нөлөөлөл болон бусад хүчин зүйлсийг харгалзан үзээд, ажилтнууддаа ирэх нөлөөллийг бууруулах, урт хугацааны, тогтвортой үр өгөөжтэй байх зарчимд тулгуурлан нийт ажилтан, тэдний гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд чиглэсэн дараах санал дээр “Оюу толгой” ХХК болон ҮЭХ санал нэгдэн шийдвэрт хүрлээ. Үүнд:
-
“Оюу толгой” ХХК-ийн нийт ажилтны үндсэн цалинг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 хувиар нэмж, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс олгох;
-
Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд “Оюу толгой” ХХК-ийн ажилтнаас гадна нэмэлтээр гэр бүлийн 2 хүртэлх гишүүнийг 2024 оны 8 дугаар сард багтаан хамруулах;
-
Ажилтны эрүүл мэнд, сайн сайхан байдалд зориулан амралт сувиллын хөнгөлөлт болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 (нэг) жилийн хугацаанд ээлжийн амралтаа биеэр эдлэх эсхүл ростерийн амралтын үед 1 (нэг) удаа олгох;
-
Байнга ажилладаг газар болон гэрийнхээ хооронд өдөр тутам ирж буцах боломжтой ажил амралтын хуваарьтай ажилтны хоол унааны зардалд нэмэр болох зорилгоор олгодог Хоол, унааны хөнгөлөлтийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр нэмэх;
-
Инженер техникийн ажилтнуудын албан тушаалын зэрэглэлийг нягтлах, Рио Тинтогийн жишгийг харгалзан өөрчлөлтийг оруулах зорилго бүхий төслийн цар хүрээ болон төлөвлөгөөг боловсруулах хамтарсан ажлын хэсгийг байгуулах ажлуудыг 2024 оны 2 дугаар улиралд багтаан хийх, 2024 оны 3 дугаар улиралд багтаан албан тушаалын зэрэглэлийн өөрчлөлтийн хэрэгжилтийг эхлүүлэх;
-
Ажилтны илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцоход хэрэглэх “дундаж цалин хөлс”-ний бүрэлдэхүүнийг дараах байдлаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс тооцох бөгөөд энэ бүрэлдэхүүнийг “Оюу толгой” ХХК-ийн цалингийн систем болон холбогдох журамд тусгана. Үүнд:
-
Үндсэн цалин;
-
Уртын ээлжийн нэмэгдэл;
-
Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл;
-
Засвар үйлчилгээний зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл хөлс;
-
Зогсолтгүй үйл ажиллагааны нэмэгдэл хөлс;
-
Ээлжийн амралтын цалин.
-
Хамтарсан ажлын хэсэг болон ҮЭХ-ны тэргүүлэгчид ийнхүү олон удаагийн хурал уулзалтыг хийн, хамтран ажиллаж, өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь ярилцаж, урт хугацааны тогтвортой, аюулгүй бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулах, тэгш шударга цалин хөлс бүхий тогтвортой ажлын байраар хангахад чиглэсэн компани болон ажилтнуудын аль алины эрх ашигт нийцсэн хамгийн боломжит, харилцан ашигтай байх шийдлийг гаргасан гэж үзэж байна.
Энэхүү шийдэл нь дараагийн Хамтын гэрээг шинэчлэн батлах хүртэл хугацаанд цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой, нийт ажилтанд хүртээмжтэй шийдэл юм.
Өргөтгөсөн ажлын хэсгийн хуралдаанаар “Оюу толгой” ХХК болон ҮЭХ-ны хооронд байгуулсан 2022-2025 оны Хамтын гэрээний хэрэгжилттэй дэлгэрэнгүй танилцсан бөгөөд жилд дунджаар 58 тэрбум гаруй төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт, олговор, урамшууллыг (үндсэн цалин болон эрүүл мэндийн даатгалыг оруулахгүйгээр) нийт ажилтан болон тэдний гэр бүлд олгож байгаа нь ихээхэн үр өгөөжтэй болохыг дүгнэсэн болно. Үүнд:
-
Жилийн урамшуулал
-
Амь насны даатгал, хөдөлмөрийн чадвар алдалтад олгох тэтгэмж
-
Хоол унааны хөнгөлөлт
-
Тэтгэвэрт гарсны тэтгэмж
-
Ажлаас халагдсаны тэтгэмж
-
Аавын болон ээжийн чөлөө
-
Буяны ажилд зориулан олгох мөнгөн тусламж
-
Тэтгэвэр хуримтлалын санд ажил олгогчоос оруулах хуримтлал
-
Олон жил ажилласны урамшуулал
-
Улс, салбарын шагнал
-
Эрүүл мэндийн даатгал
-
Нийтээр амрах баярын өдрийн нэмэгдэл
-
“Дэлхийн нүүдэлчид” туршлага судлах аялал
-
Хүүхдийн баярын бэлэг
Хамтын гэрээний хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү бичлэгээс хүлээн авч үзнэ үү.
“Оюу толгой” компани нийт ажилтан болон тэднийхээ гэр бүлийн сайн сайхан байдалд онцгой анхаарч, санаа тавьж ажиллаж ирсний зэрэгцээ ҮЭХ-тойгоо нягт хамтран ажиллаж байсны үр дүнд бизнесийн салбарын хамгийн түүчээлэгч ажил олгогч байж ирсэн билээ. Сайн ажил олгогчийн байр сууриа бататгахын тулд цаашид хамтын хүчин чармайлтаа бид улам ахиулан ажиллах болно.
Та бүхэн өөрчлөлт шинэчлэлтэд хамт байж, байнгын дэмжлэг үзүүлнэ гэдэгт тань итгэлтэй байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
“Оюу толгой”-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.