“Банкир 2024” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 5 дугаар сарын 9-нөөс 11-нд боллоо. Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн энэ жил Монгол Улсад банкны салбар үүсэж бэхжсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Тэмцээнд нийт 13 банкны баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан, өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. “Банкир 2024” тэмцээнд оролцсон Төрийн банкны эмэгтэй баг нэгдүгээр байранд шалгаран АЛТАН МЕДАЛЬ, эрэгтэй баг хоёрдугаар байранд шалгаран МӨНГӨН МЕДАЛЬ тус тус хүртэн нийлбэр дүнгээр бусдыгаа манлайлж ТЭРГҮҮН БАЙР-ыг эзлэн, цомын эзнээр тодорлоо.
Банк хоорондын сагсан бөмбөгийн тэмцээний аварга болсон Төрийн банк шилжин явах алтан цом болон 100 жилийн ойд зориулан гаргасан үүрд хадгалах цомын эзэд болсон нь Монголын банк, санхүүгийн салбарт бас нэгэн түүхэн үйл явдал болсон юм.
Мөн тэмцээний шилдэг тоглогчдыг тодруулсан бөгөөд шилдэг эмэгтэй тоглогчоор Төрийн банкны тамирчин М.Булбул, тэмцээний бэлгэдлийн тамирчнаар Төрийн банкны эмэгтэй багийн ахлагч Ж.Мөнхсувд, эрэгтэй багийн довтлогч О.Эрдэнэцогт нар тус тус тодорлоо.
“Банкир” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь банкны салбарын ажилтнуудын дунд хамгийн том нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгож, үзэгч харилцагчдын дунд ч өндөр хүлээлтийг үүсгэдэг чансаа өндөр тэмцээн юм. Монголбанкны 100 жил, Төрийн банкны 15 жилийн ой тохиож буй түүхэн цаг хугацаанд сагсан бөмбөгийн ур чадвараараа бусдыгаа манлайлан оролцсон Төрийн банкны нийт баг тамирчдадаа халуун баярыг
хүргэхийн зэрэгцээ, амжилттай зохион байгуулсан Хаан банкны хамт олон, бусад банкны багууддаа талархал илэрхийлэн, спортын өндөр амжилтыг хүсье.