Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны “Номын баяр” тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана.
35 дахь удаагийн номын баяраар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай холбогдуулан өсвөр үеийнхэнд зориулсан амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулах аж. “Номын гэрэлт ертөнц”, “Азтай савар” төрийн бус байгууллага хамтран тус номын жагсаалтыг гаргасан байна.
“Номын баяр”-ын үеэр оюуны өмчийн хуульчаас зөвлөгөө мэдээлэл авах, олон улсын утга зохиолын агентлагаас номын эрх авах, худалдах, мэргэшсэн редакторуудтай хамтран ажиллах, номын сурталчилгаа маркетингийн үйлчилгээ авах, ном бичих зөвлөгөө мэдээлэл авах, номын клубт элсэх, зорилготой уншлагын зөвлөгөө авах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.