Жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлаж, энэ өдөр улс орон даяар мод тарих аян өрнүүлдэг уламжлалтай. Өдөрлөгийн хүрээнд 75 орчим байгууллага, 100 гаруй иргэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2600 орчим модны суулгац тарилаа. Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш уг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 15 дахь жилдээ хавар, намрын бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж байна.
Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Манай цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 31 төрөл, зүйлийн 170 мянга гаруй мод 96.5 хувьтай ургаж байна. Бид энэ жилийн хавар, намрын бүх нийтээр тарих өдөрлөгийн хүрээнд 12 төрөл зүйлийн 20 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар бэлтгэн ажиллаж байна. Манай хамт олон нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, эко орчинд амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэхээр мод тарих, ногоон байгууламж бүтээх, арчилж хамгаалах ажлыг жилийн дөрвөн улирлын турш мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна” хэмээсэн юм.
Тэрбээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарихад эргээд арчлалт, хамгаалалт тал дээр санаа зовох зүйлгүй байдаг. Мөн мэргэжлийн хүмүүс заавар зөвлөгөө өгдөг тул энд ирж мод тарих дуртай гэдгийг мөн онцолж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, албан байгууллагууд хамт олноороо мод ихээр тарих болсон. Тэр хэрээрээ арчлалт, хамгаалалт гэдэг зүйлд ихэд анхаардаг болсон байна. Мөн мод, бут үржүүлэг, арчлалт, хамгаалалт чиглэлийн бизнесүүд ихээр бойжиж буй. Энэ нь байгаль орчноо нөхөн сэргээх, ногоон орчин бүрдүүлэх эерэг нөлөөтэй. Нөгөөтээгүүр энэ чиглэлийн бизнесийг дэмжсэн сайшаалтай ажил болж байна” гэв.
Эx Сурвалж:НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС