Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймагт ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийг хурдасгах үндсэн арга бол шинжлэх ухааны судалгааг амьдралд нэвтрүүлэх явдал учраас тус аяныг БШУЯ-наас хөдөө, орон нутагт 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа ажээ.
Шинэ сэргэлтийн бодлогын үргэлжлэл нь Шинжлэх ухааны сэргэлт байхыг Монгол Улсын Засгийн газраас зарлаж 2021 оноос орон нутгийн Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөжүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийг байгуулан ажиллуулж байна Энэ нь орон нутагт шинжлэх ухаан, инновац, технологийг хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр бүс, орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм.
УИХ-аар шинэчлэн баталсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ, зохицуулалтуудыг тусгажээ. Монгол Улс үндэсний, бүсийн, орон нутгийн түвшинд төрийн бодлого шийдвэр шинжлэх ухаанд суурилан хөгжих эрхзүйн зохицуулалт, түүнийг газар дээр нь хэрэгжүүлэх бүтэц, удирдлага зохицуулалт бүрдэж, аймаг нийслэлд шинжлэх ухаан, технологийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцох, гарааны бизнесийг дэмжих бүрэн боломж нээгдэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн төвийн цэцэрлэг, сургуулийн эцэг эх, асран хамгаалагчидтай 2 удаагийн уулзалт зохион байгууллаа.
Булган аймагт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 79.1%, бага боловсролын хамран сургалт 85.5%, суурь боловсролын хамран сургалт 83.5% байна. Хэдий хамран сургалт доогуур харагдаж байгаа боловч сургуулийн өмнөх боловсролын нэг багшид ногдох хүүхдийн тоо 28, ерөнхий боловсролын нэг багшид ногдох хүүхдийн тоо 17 байна. Уулзалтын үеэр орон нутгийн боловсролын сургалтын байгууллагуудын сургалтын чанар, орчин нөхцөлийг сайжруулах, багш нарт сургалт, үйл ажиллагааны олон талын дэмжлэг үзүүлэх талаар салбарын сайд онцолсон.
2022 оны чанарын судалгааны үр дүн болон сүүлийн 2 жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцав. Чанарын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, багаар ажиллах чадварыг сайжруулах анхаарах шаардлагатай. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нарын эзлэх хувь өсжээ. Элсэлтийн ерөнхий шалгалтын матматик, физик, хими, биологийн хичээлийн үзүүлэлтүүд сайжирсан байна.
Эдүтэн платформыг Хялганат, Эрдмийн өргөө сургуулиуд хамгийн өндөр буюу 96-98 хувийн идэвхтэй ашиглаж байна. Дэлхийн 80 орны 990 сая сурагч ашиглаж буй Пийрсон платформыг Монголын сурагчид адил түвшинд ашиглаж байгаад эцэг эхчүүд талархалтай байв. Сураад платформын сүүлийн 3 сарын харьцуулалтыг харахад хүүхэд нэг бүрийн гүйцэтгэлд 50-иас дээш хувийн ахиц гарчээ.
Мэдлэ цахим сургуульд Булган аймгаас 300 сурагч сурч байгаа бол Афтер скүүл платформ дээр 352 сурагч бүртгэлээ баталгаажуулж хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж байна.
Аймгийн бүх сургууль Mlab платформд бүртгэлээ 100 хувь баталгаажуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, кабинет лабораторийн нөөцөө тодотгосон бол Гэрэгэ систем дээр түрээсийн сурах бичгийн төлбөрийн гүйцэтгэл 50 хувьтай байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад эмч, сэтгэл зүйч, хоол зүйч дутагдалтай байна. Сайдын зүгээс эдгээр орон тоо, цалингийн санг шийдвэрлэж, сургууль бүр эмч, сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулах нь үр дүнтэй гэдгийг онцлов.
Аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 14 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагийн 7 нь 2024 онд шинээр тавигдсан. Монгол Улсын Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар 2022-2023 онд тус аймагт ажиллахдаа тухайн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын шинэ сэргэлтийн 6 бодлогоо танилцуулж, эцэг эх, асран хамгаалагчдын сонирхсон асуултад хариуллаа.