Засгийн газрын нэр бүхий сайд төрийн нууц задруулсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл байна. Улмаар уг хэрэгт энгийн иргэнийг татан оруулж, буруутгаж буй тухай мэдээлэл ч байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн нууцыг хадгалах ёстой албан тушаалтан төрийн нууц задалсны бурууг энгийн иргэн үүрэх нөхцөл байдал үүсжээ.
Гэтэл иргэн ямар нэг хуулийн дагуу нууц хадгалах үүрэг хүлээдэггүй байна.
Харин Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2 “Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ зүйлийн 13.1-д заасан жагсаалтын хүрээнд салбар, байгууллагын хэмжээнд нууцлах төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авч Засгийн газраар батлуулна” гэж заасан байдаг.
Хэрэв Төрийн нууцыг задруулсан нь батлагдсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл.Төрийн нууцыг хууль бусаар олж авах, 19.12 дугаар зүйл. Төрийн нууцыг задруулах зүйл ангиар буруутгагдах заалттай.
Тэгэхээр төрийн нууц задруулсан байж болзошгүй гэх хэрэг Засгийн газрын сайдыг чиглэх магадлалтай байна. Нөхцөл байдлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр нь тогтоох чухал юм. Ингэснээр энгийн иргэн хэлмэгдэх үү, нууц задалсан албан тушаалтан буруудах уу гэдэг тодорхой болно.