Таеквондо бол Хүндлэл юм уриатай Монголын такевоногийн холбооноос олон улсын нээлттэй тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд 17 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн клуб, дугуйлангийн тамирчид өрсөлдөж байгаа ажээ.
Энэхүү тэмцээнийг бид зорин очиж, таеквондогийн спортоор сонирхон хичээллэдэг бяцхан тамирчидтай ярилцлаа.
О.Тэнүүнжаргал: Биеэ хамгаалаад, дүү нараа хамгаалахаар Таеквондогоор хичээллэдэг
Оюунбатын Тэнүүнжаргал гэдэг. Би хоёрын зургаадугаар анги. 7 настай, Тэмүүжин клуб. Саяны өрсөлдөгч аймаар хүчтэй өрсөлдөгч байсан. Тэгээд бултаад л, тэгээд толгой руу нь өшиглөөд байвал оноо авна гэж бодсон. Жийгээд өшиглөөд толгой руу нь цохьсон.
Өмнө нь Торнода кап, Эв нэгдэл тэмцээнд оролцож байсан. Торнода кап дээр хүрэл аваад харин Төв аймаг дээр нь медальгүй. Таеквондогоор биеэ хамгаалаад, дүү нараа хамгаалахаар хичээллэж байгаа. Ээж, ах, эгч гурав маань ирсэн дэмжиж байна.
Уран сайхны гимнастикаас таеквондогийн спорт руу хөрвөсөн охин
Намайг Болдсайхан Эмүжин гэдэг. Би 9 настай. “Монте роза” клубээс хоёр дахь тэмцээндээ оролцож байгаа. Өмнө нь “Эв нэгдэл” тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Таеквондогийн өшиглөлт, тэгээд зодоон хийж байгаа нь надад таалагдсан. Манай ангиас надтай нийлээд 4 хүүхэд оролцож байгаа. Би уран сайхны гимнастикаар хичээллэдэг. Манай багш намайг таеквондогоор хичээллэх үү гээд, би тэгье гээд өмнөх тэмцээндээ оролцож байсан.
Тэмцээний ерөнхий шүүгч О.Хос-Эрдэнэ
“Улаанбаатар опен” олон улсын анхдугаар тэмцээн амжилттай үргэлжлээд явж байна. Энэ тэмцээнд Улаанбаатар хот, Монгол улсын 17 аймаг, мөн нийслэлийн гээд 51 байгууллагын 1500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Залуу тамирчид буюу бүх нас, бүх ангиллын бүх жингүүдэд хоорондоо ширүүхэн өрсөлдөж байна. Энэ тэмцээнд бяцхан тамирчид маань олон оролцож байгаа.
Монголын таеквондогийн холбоо 32 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Таеквондогийн спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Улсын хэмжээнд 15.000 орчим тамирчин Таеквондогийн спортоор хичээллэдэг
“Улаанбаатар опен” олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 06-наас 08-ны өдрүүдийг дуустал спортын төв ордны А зааланд болж байна. Тус тэмцээнийг 32 дахь жилтэйгээ золгосон Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулж буй.
Өдгөө энэ спортоор Монгол орны өнцөг булан бүрт суугаа нийт 15.000 орчим тамирчин хичээллэдэг ажээ.
Монголчууд таеквондогийн төрлөөр анх удаа Риод өрсөлдөж байв
“Рио-2016” Бразилд болсон зуны олимпын ХХХ наадамд таеквондогийн төрлөөр ОУХМ П.Тэмүүжин эрхээ амжилттай аван оролцож байв. Тэрээр “Жакарта-2018” Азийн наадмаас алтан медаль хүртэж байлаа . Энэ нь манай улсаас таеквондогийн төрөлд олимпын наадамд тамирчин оролцсон анхны түүхэн тохиолдол байсныг энд онцлоё.
Сүүлийн жилүүдэд пара таеквондогийн баг тамирчид амжилт дүүрэн яваа. Ингэж тодорхойлж бичсэний учир нь эрэгтэй тамирчдаас МУГТ Г.Болор-Эрдэнэ “Токио-2020”, “Парис-2024” зуны паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор эрхээ амжилттай аваад байгаа билээ. Мөн эмэгтэйчүүдээс ОУХМ У.Сүрэнжав Парисыг зорих эрхээ албан ёсоор өвөртөлчихсөн байна.
МУГТ Г.Болор-Эрдэнэ нь Пара таеквондогийн дэлхийн 5, Ази тивийн 4 удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн паралимпын наадмын аварга тамирчин юм.
ОУХМ У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт тамирчин юм.