Монголын Засгийн газар сүүлийн 2 парламентын бүрэн эрхийн хугацаанд харьцангуй тогтвортой байгаа ч, бодлого шийдвэрүүд нь эргэж буцсан, өмнөхөө няцаасан өнгө аястай байгааг хөрөнгө оруулагчид шүүмжилж байна. Учир нь түрүү сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор баталж, түүнийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгож орхилоо.
Мөн эдгээр хуулийг батлахдаа бүх оролцогч талуудад танилцуулж санал авах заалт бүхий “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг зөрчиж баталсан байна. Түүчлэн АНУ-тай байгуулсан ил тод байдлын тухай гэрээг ч зөрчсөн явдал боллоо гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс болон Монгол дахь Европын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Зандан нар мэдэгдлээ.
Уг хуулийн нөлөөгөөр Монголын төр хувийн хэвшлийн эзэмшилд халдаж, хүчээр хөрөнгийг нь авч хувь эзэмшихээр санаархаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болж байна. Ийм нөхцөлд өндөр хөрөнгө шаарддаг мега төслүүдийг зориглон хэрэгжүүлэх дотоодын битгий хэл гадаадын хөрөнгө оруулагч олоход тун бэрх болж байна. Тоон үзүүлэлт харвал, Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт төвлөрч байна. Гэтэл энэ үзүүлэлт улам алсран холдох дүр зураг бий боллоо.
Үр дүнд нь нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесийн тоо буурч, ажлын байр цөөрч, төгрөгийн ханш сулран, зээлийн хүү нэмэгдэх, олон улсын банк санхүүгийн байгууллагын санхүүжилт зогсож эдийн засаг уналтад орох эрсдэлийг үүсгэхээр байна.
Бүр цаашилбал, Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ, Монгол Улсын Засгийн газрын бондын эргэн төлөлтөд ч сөргөөр нөлөөлж, одоо яригдаж буй нийслэлийн бонд босгох ажлыг гацаанд оруулж мэдэх нь. Эцэст нь дахиад л татвар хураамжаа нэмж, энэ бүх буруу шийдвэрийнхээ төлөөсийг ард иргэдэд үүрүүлэх нь ээ.
Ард түмэнд адлагдсан улс оронд ашиг өгдөггүй уул уурхайг бүүр хаачих хэрэгтэй. Үр хүүхдүүд минь ухаалгаар ашиглана биз. Одоо гадаад орнуудын гар хөл, суганы үс болсон цөөн тооны хэдэн олигархийн эрх ашиг бидэнд чухал биш шүү.
Америк барууны хөрөнгө оруулалт нэртэй ” тахиа тураах” бодлого тасалдал өлзийтэй. Гадны тавиулуудын хооллох нь бас ч багасаж, туурга тусгаар улсын хувьд СЭМ авгын зааварчилгаар хоёр хөршийн завсарт ” халиуны зулзага хөөрхий” болж явмааргүй л байна.