УИХ-ын VII тойрогт говийн бүсийн дөрвөн аймаг багтана. Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийг нэгтгэсэн энэ тойрог долоон мандаттай.
Б.Дэлгэрсайханаар ахлуулсан МАН-ын багт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хотын дарга асан Д.Сумъябазарын “хүн” Н.Баярчимэг, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Батсуурь нар нэр дэвших чигтэй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүн дагасан стратегийн чухал ач холбогдолтой Өмнөговь аймгийнханд өнгөрсөн дөрвөн жил хүндхэн болж өнгөрлөө. Эрх баригч МАН нүүрсний хулгайн асуудлыг сөхөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг эргүүлэн татах хүсэлтийг прокурорын байгууллагаас оруулж ирсэн байдаг. Түүний оронд МАН-аас Өмнөговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн “захиалгаар” түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ө.Золбаяр хүч үзэх магадлалтай.
Дундговьчуудын хувьд өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт итгэл үзүүлж байв. Сү.Батболдын хувьд 2004 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хамт Дундговь аймгаас сонгогдсон юм. Энэ удаад Сү.Батболд тойрогтоо нэр дэвшиж, Г.Мөнхцэцэгийг дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий.
Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Э.Энхжаргал, “Чинээлэг малчин” төслийн санаачлагч Л.Одсэр нар нэр дэвших чигтэй байна.
Өмнөговь аймгаас 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ажнай Д.Бат-Эрдэнэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй хуулийн байгууллагаас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гишүүнээс нь түдгэлзүүлсэн байдаг. Түүний оронд аймгийн Засаг дарга Р.Сэддорж мөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэсэн.
Дундговь аймгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн нарын нэрс яригдаж байна.